ХУРЛЫГ ҮР АШИГТАЙ БОЛГОХОД ЮУГ АНХААРАХ ВЭ?

Бид долоо хоног бүрийн аль нэг өдөр ажил, албаны ямар нэгэн хурал зөвлөгөөнд хамрагддаг. Заримдаа зохион байгуулах шаардлага тулгардаг. Тэр бүр ихэнхдээ л зүгээр нэг ширээ тойрж суугаад л ажлаа ярилцдаг. Тиймээс та бүхэнд хурал зохион байгуулах, хурлыг үр ашигтай болгоход нэмэр болохуйц мэдээллийг хүргэж байна.
1. Хурал зөвлөгөөний төрөл, хэлбэрүүд
Байгууллагын өмнө тулгарч буй асуудлыг хамт олноороо хэлэлцэж, тэдний санал бодлыг авч, оновчтой шийдвэр гаргахад хурал, зөвлөгөөний зорилго оршино.
Хурлыг хэлэлцэж буй асуудлыг агуулгаар нь гурван төрөлд хувааж болно.
Үүнд:
1. Хурал-маргаан (Бүлгийн хүмүүс тодорхой асуудлаар ямар байр суурьтай байгааг тодруулах зорилготой)
2. Чөлөөт хурал (тухайн асуудлыг шийдэхийн тулд хуралд оролцогсод бодол саналаа чөлөөтэй хэлэх боломжийг олгох)
3. Шийдвэр гаргах хурал (тухайн хэлэлцэгдэж байгаа асуудлыг нэг төрөл болгон шийдвэрлэгдэх зорилго бүхий)
Хурлыг зохион явуулж буй байдлаар нь дараах хэд хэдэн хэлбэрүүдэд хуваадаг.
Үүнд:
- Дарангуйллын шинжтэй – хуралд оролцогчид мэдээллийг сонсогчийн үүрэг гүйцэтгэх ба шүүмжлэл гаргаж үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй зөвхөн хурлын удирдагчийн дуу л гардаг.
- Ганц даргалагчтай – хурлын удирдагч юм уу хэн нэгэн хүн илтгэл тавиад дараа нь шүүмжлэл гаргадаг. Гэхдээ шүүмжлэл гаргагчийг хурлын удирдагч өөрөө сонгож, урьдчилан бэлтгүүлсэн байдаг. Ийм хурал нь зохион байгуулалтын хувьд хуурамч өнгөлөн далдалсан байдалтай байдаг.
2. Хурлын бэлтгэл, хурлын танхимын зохион байгуулалт
Тухайн хурал хэр зэрэг амжилттай болж цаашдаа ямар үр дүнд хүрэх нь хурлын бэлтгэл ажлаас ихээхэн шалтгаалдаг. Хурал зөвлөгөөнийг хийхийн өмнө юунд зориулсан ямар зорилготой хийгдэж байгаа, оролцогчид нь хэн байх, байр танхимыг яаж бэлтгэхийг сайн бодож боловсруулах хэрэгтэй.Хурлыг чанартай зохион байгуулъя гэвэл түүнийг явуулах танхимыг сайн бэлтгэх нь чухал. Хурлын ширээ сандлыг уг хурлын зорилгоос шалтгаалан янз бүрээр байрлуулах учиртай.
Лекцийн танхим.
Илтгэгчийн ширээг сонсогчдын эсрэг харуулж байрлуулдаг. Гэхдээ хойшлох тусам сонсогчдын сандлын түвшинг дээшлүүлэх буюу солибуулан хяналтандаа байлгаж, дуртай цагтаа эргэх холбоо барьж байх тийм бололцоог хангах нь зөв юм.
Дугуй ширээ.
Энэ нь хурал, уулзалт, зөвлөгөөн, яриа зохион байгуулах түгээмэл хэлбэр юм.
Сайн тал нь:
1. Хуралд оролцогчдыг дотор нь бутаргаж, дэд бүлэг үүсгэчихгүй байх.
2. Хуралд оролцогчид бие биетэйгээ холбоо тогтоох, мэдээлэл солилцох, аятай таатай боломжийг бүрдүүлэх.
3. Хурлын даргын үүрэг, үйл ажиллагааг зарим талаар саармагжуулахад аятай нөлөөлөх зэрэг болно.
Халз уулзалт
Тухайн уулзалтад оролцогчид шууд хоёр тал болж бие биеийн өөдөөс харж суугаад ярилцаж байхаар зохион байгуулдаг. Энэ нь үзэл бодлоо илэн далангүй чөлөөтэй гаргахад сайнаар нөлөөлж, зарим үед ярилцагчид шууд маргаж ч болзошгүй байдаг.
Чандманалсан суудал
Хуралд оролцогчдын суудлыг латин Y үсгийн хэлбэрээр байрлуулж урд талд нь тэргүүлэгчдийн байрыг засна. Энэ нь угтаа нэгэн зүйл адил хажуут гурвалжныг санагдуулна. 
Сайн тал нь:
- Хуралдагчид бие биетэйгээ хялбар харилцах боломжтой.
- Хурлын дарга хурлыг удирдахад хялбар дөхөм
- Олон хүнийг оролцуулах боломжтой
Хэрэв удирдлага хүмүүсийн сэтгэл санааны онцлог, бусад талыг сайн мэддэг бол тэднийг тэрхүү онцлогийг нь харгалзсаны үндсэн дээр урд, хойно, хажуу талд нь гэх зэргээр хуваарилах нь бүр ч оновчтой болох юм. Зөвлөгөөний урт ширээг даргын ширээтэй угтуулан байрлуулбал их албархуу болж, зөвхөн дарга захирагчийн амыг харж бүхнийг шийдэх уур амьсгал бий болгоно. Зураг, хүснэгт зэрэг үзүүлэнтэй цөөн хүн оролцох зөвлөгөөний ширээг хагас сар хэлбэртэй юм уу, зуйвандуу хэлбэртэй байрлуулах нь зөв. Олон хүн оролцох хурал зөвлөгөөний суудлыг хагас сар хэлбэртэй байрлуулах нь нэн тохиромжтой. Энэ байрлал нь асуудалд ажил хэрэгчээр оролцох хийгээд хуралдагчид бие биедээ хүндэтгэл үзүүлэх илүү боломж олгодог байна. Харин сургуулийн анги танхим шиг байрлал зөвхөн индэрт гарсан хүний яриаг илүү анхаарч хүмүүсийн ажил хэрэгч холбоог сулруулдаг учир асуудлыг бөөрөнхийлөх, байдалд оруулах талтай. Суудлын хувьд түшлэгтэй нэг их памбагар биш хагас зөөлөвчтэй хатуу сандал тохиромжтой. Гурван тал түшлэгтэй, өөрөөр хэлбэл түшлэг тохойвчтой сандал тохиромжтой. Ийм сандал дээр суусан хүмүүс аливаа асуудлыг нухацтай, үнэн зөв шийдэж чаддаг. Шигдээд орчихдог гурван талд нь түшлэгтэй, зөөлөн том буйдан хүний залхууг хүргэдэг тул асуудлыг шийдэх, анхаарлаа төвлөрүүлэхэд тун тохиромж муутай байдаг.

Э.Гантулга