ДЭЛХИЙ ЕРТӨНЦИЙГ БИЗНЕСМЭНҮҮД ӨӨРЧИЛСӨН

Энэ хорвоо дэлхийд хамгийн их нөлөөтэй хүмүүс бол бизнесмэнүүд гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Идэж, ууж, өмсөх, зүүх гээд хүний хамгийн анхан шатны хэрэгцээнээс авахуулаад тансаглал хүртэл ямар байх нь тэднээс шалтгаалдаг. Хүн төрөлхтний түүхийн явцад тэдний бүтээсэн, бий болгосон зүйлс саарыг гэхээсээ илүү сайныг дагуулсан. Харин хүний залхуу зан технологийн нээлт, бизнесийн хөгжлийг хурдасгаад байна уу, эс бөгөөс технологийн хурдацтай хөгжил, бизнесийн шилдэг санаанууд хүн төрөлхтнийг хойрго болгоод байна уу гэдэг нь сонин. Гэхдээ л хэний ч санаанд оромгүй шилдэг бүтээлүүд бизнесмэнүүдийн санаачилгаас л урган гардаг билээ. Олон зууны тэртээгээс тив дамнан аялсан худалдаачид шинэ газар нутгийг нээж, соёлын үрийг тарьж байсан бол өнөө хэр нь тэдний оролцоо бүхий л салбарт чухал үүргийг гүйцэтгэсээр ирлээ. Хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлага, соёлын хэв загвар гэгчлэн олон олон зүйлс тэднээс хамааралтай хэвээр байна. Хүн анх үүссэн цагаасаа хамгийн болхи хэлбэрээс нь авахуулаад хөгжүүлсээр ирсэн худалдаа арилжаа нь өнөөдөр хөгжлийн салшгүй гол хүчин зүйл болсоор байна.
Орчин үеийн бизнесийн хэв шинжийг тодорхойлсон хувийн хэвшлийнхэн дэлхийн улс орнуудад өөр өөр үед бий болсон байдаг. Тухайлбал, Эртний гэх Грек, Месопотами хавьд бизнесийн үндэс суурийг тавьсан эхлэл МЭӨ 4000 жилийн тэртээ үүссэн байх юм. Тэр үед тээврийн хэрэгслийн орчин үеийн хөгжлийн эхлэлийг тавьсан гэхэд харьцангуй бүдүүлэг боловч эхлэл цэгийг нь тодорхойлсон нэгэн омог амьдарч байжээ. Энэ бол анхны дугуйн омог буюу Месопотамийн хот, улсууд юм. Харин тэдний хойноос дэд бүтцийн хөгжлийн эхийг тавьсан гэх МЭӨ 3000 жилийн тэртээ мөрөө үлдээсэн Эртний Египетийн Фараонуудын корпораци удаалж байна. Тэдний үед эртний гар урлал, шавар эдлэлүүд үүсч хөгжсөн нь эдүгээ цагийн үнэт олдвор болон хадгалагдсаар байгаа билээ. Фараонуудын соёл иргэншил хүн төрөлхтний хөгжлийн анхдагч эх суурь болон түүхийн хуудаснаа бичигдэн үлджээ.
Ертөнцийг өөрчилсөн бизнесийн түүхэнд зүй ёсоор бичигдэх нэгэн нээлт бол хэвлэгч машин байсан. Үүнийг зохион бүтээсэн алдарт зохион бүтээгч Иоганн Гутенбергийн 1445 онд хэвлэсэн анхны Библи нь 180 ширхгээр худалдаанд гарч байжээ. Түүнээс өдгөө 48 ширхэг нь л бүрэн бүтнээрээ хадгалагдан үлдсэн байдаг. Түүний хэвлэсэн энэхүү анхны бүтээл 1800-аад оны сүүлч гэхэд 20 мянган ам.долларт хүрч байсан түүхтэй. Тэр цагаас хойш хэвлэмэл сонин, хуудас, ном зэргийг хэвлэн нийтлэх үйл ажиллагаа эрчимтэй хөгжсөөр өнөөгийн энэ өндөрлөгт хүрсэн гэдэг.
Хүн төрөлхтний түүхийн хамгийн чухал нэг хэсэг бол мэдээж мөнгөн арилжаа, банк санхүүгийн байгууллагын хөгжил юм. Тэртээ эрт үеэс хүмүүсийн явуулсаар ирсэн худалдаа наймаа нь мөнгөн арилжааг хөгжүүлж, тэр нь цаашлаад ломбард буюу өнөөгийн банкны үндэс суурийг тавьсан гэж түүхчид нэгэнтээ тогтоосон. Энэ бүхний эхлэлийг тавьсан SpA ломбард гэгч нь 1100 оны үед Италид үүсч, хөгжсөнөөр бусад оронд түгж, банкны салбарын эх үүсвэрийг тавьжээ. Тээврийн хэрэгсэл, дэд бүтэц, хэвлэх үйлдвэр, банк санхүүгийн хөгжлийн эх үүсвэрийг тавьсан нь хорвоо ертөнцийг өөрчилсөн хамгийн том нээлт төдийгүй, орчин үеийн бизнесийн томоохон эх суурийг тавьсан өөрчлөлтүүд болсон билээ. Харин эдгээр салбарын дунд заавал бичигдэх нэгэн салбар үүсч, хөгжсөн нь хүн төрөлхтөн сансар огторгуйтай шууд утгаар нь танилцсан явдал байлаа. Цөмийн эрчим хүч гэх нэгэн шинэ судлагдахуун гарч ирсэн нь хүн сансарт хөл тавих гарцыг нээсэн юм. Энэ бүхний эхлэлийг тавьсан Манхэттэн Төсөл Inc. нь анх АНУ-д 1943 онд цөмийн эрчим хүчийг судлан, хөгжүүлж гаргаж ирснээр, 1958 онд тус улсад NASA Inc. гэх байгууллагыг байгуулжээ. Энэ нь дэлхийд анх сансар огторгуйн судалгааг хийж, сансрын нислэгийг анх үйлдсэнээрээ хорвоо ертөнцийг өөрчилж, бизнесийг амжилттай хөгжүүлсэн компаниудын эгнээнд багтаж байгаа юм. Түүнээс хойш дэлхийн олон улс орон энэ салбарт гар бие оролцон хөгжүүлж, сансрын холбоо, хиймэл дагуулын хэрэглээг бүрэн утгаар нь хөгжүүлсээр байгаа юм.
Түүнчлэн Германы Der Mauer AG бизнесийн түүхэнд хамгийн үнэтэй хувь нэмэр оруулсан компанийн жагсаалтанд зайлшгүй багтах ёстой. Тэдний дэд бүтцийг хөгжүүлсэн түүх 1961-1989 оныг хамарч байна.
Хамгийн энгийн хэрэгцээнээс үүдсэн ашиг сонирхол л агуу бизнесийг бий болгодог ажээ. Яг энэ л эрэлт хэрэгцээг мэдэрч, түүнд төгс зохицсон бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргаж ирж чадсан бизнес эрхлэгчид өнөөдөр хамгийн өндөр амжилттайгаар урагшилж байна. Эцсийн дүндээ тэдний толгойд мөнгө, ашиг орлого л чухал. Гэвч үүнийг хэрхэн олох вэ гэсэн санаа нь хэрэглэгчдийн эрэлтэд тулгуурлаж, тэр нь цаашлаад бизнесийн салбарыг хөгжүүлж, технологийн нээлтүүдийг авчирдаг аж.
Эдгээр голлох салбарын хөгжлийг тодорхойлсон цөөн анхдагчуудаас гадна олон олон пүүс, компани бизнесийн хөгжлийн ноён нуруу болсоор байгаа. Тэднийг бүгдийг нь дурьдахад хэт сунжрах учраас цөөн хэдийг нь нэрлэвэл, бичгийн машиныг санаачилсан Remington, цахилгаан дэнлүүг хамгийн анх зохион бүтээсэн “Consolidated”, эрчим хүч ба хөргөлтийн системийг төгс хөгжүүлэх шийдлийг олсон “Westinghouse”, дэлхий даяар хамгийн шуурхай мэдээ мэдээллийг түгээж, цаг алдалгүй хүргэж байдаг “British Broadcasting Corporation” буюу бидний нэрлэж заншсан ВВС, транзисторын үйлчилгээ үзүүлэгч “Bell Laboratories”, мөн аспиринийг эмийн хэрэглээнд нэвтрүүлснээрээ хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн “Bayer”, мэдээлэл технологийн талбарт хэдийнэ нэрээ мөнхөлсөн “Цахиуран буюу Силиконы хөндий” гэх Hewlett Packard, түргэн хоолны сүлжээгээрээ дэлхийг хөндлөн гулд хэрсэн “McDonald’s”-ийн салбарууд болон интернэтийн үйлчилгээг төгс хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан “Amazon” зэрэг компаниуд болж байна.
Бизнесийг хөгжүүлж, хүн төрөлхтөнд өрсөлдөөн, үсрэнгүй хөгжлийг авчирсан бизнесмэнүүд цаг үе бүхэнд шинээр, эсвэл уламжлагдан хөгжсөөр байгаа. Харин хэрэглэгчид бид тэдний хөрөнгө мөнгө, ашгийн төлөөх сонирхлыг зүгээр л эс тоож, эцсийн эцэст бид бүхний хэрэгцээ шаардлагыг хангаж, амьдрал ахуйг маань хөнгөвчилж байгаагийнх нь төлөө талархах нь зүйтэй гэж бодлоо. Агуу Apple, Google, Kodak, IKEA, мөн Western Union, Central Pacific, Ford, бас Microsoft гээд дэлхийн хаа сайгүй үйлчилгээгээ хүргэж чадсан олон олон компанид баярлаж явдгаа дахин хэлье.

Б.Бурмаа