ТӨРИЙН ОРДОНТОЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Төрийн ордны тухай хуулинд заахдаа Төрийн ордон бол Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга байрлаж үйл ажиллагаа явуулж байдаг Монголын архитектор, хот байгуулалт, үндэсний түүх соёл, уламжлал, дизайн урлагийн нэгдмэл зохицлыг илэрхийлсэн төрт ёсны хүндэтгэлийн обьект бөгөөд монгол хүний ур ухаан шингэсэн архитектор урлагийн бүтээл мөн гэсэн байдаг.

Сурвалж бичгүүд, археологийн олдворт мэдээлснээр Төрийн ордны үйлчилгээ хэлбэр, агуулгын хувьд асар их баян уламжлалтай болох нь Их Монгол Улсын Хаант төрийн “Түмэн-Амгалан” орд өргөө, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын төрийн ордон болон түүний үйлчилгээний түүхээс тод томруун харагддаг. Хааны ордон нь тухайн улс орны уран барилга, соёлын хөгжлийн түвшинг илтгэдэг байна. 

Монгол Улсын Төрийн ордны барилгад 1961, 1981, 2006 онуудад өргөтгөл хийсэн. Ордны анхны өргөтгөлөөр ордны зүүн, баруун урд талын хоёр жигүүрүүд болон ордны урд хойт талын сүрлэг баганууд, Ардын Их Хурлын танхим бүхэлдээ нэмэгдсэн. Урд талдаа 4 давхар, хойшоо 3 давхар дөрвөлжин хэлбэртэй цагаан байсан ордон хойшоо дундуураа урт, хоёр талаараа богино, урагшаа хоёр талаараа тэлсэн гадна талдаа тразит шавардлагатай саарал өнгөтэй ордон болжээ.

Төрийн ордны анхны өргөтгөл хийснээс хойш 20 жилийн дараа буюу 1981 онд хоёр дахь өргөтгөл хийгджээ. 

Өргөтгөл хийгдсэнээр АИХ-ын танхим, туслах танхимуудтай болж нийт 126 ажлын байр шинээр бий болсон. Ордон хааш хаашаа 100 метр, өндөр нь 18,7 метр, нийт 500-аад ажлын өрөөтэй, гадагшаа харсан 900 гаруй цонхтой болсон. 

Төрийн ордонд хуралдааны 10 гаруй танхим байдаг. Хамгийн том нь Их танхим /хуучнаар АИХ-ын танхим/ олон улсын болон дотоодын томоохон хэмжээний хурал, зөвлөгөөн явагддаг 800 гаруй хүний суудалтай, 12 хэлээр орчуулга хийх чадвартай болсон бөгөөд соронзон бичлэг хийх өрөө тасалгаатай, радио холбооны орчин үеийн тоног төхөөрөмж байрлуулсан байна. Их танхимыг тойрсон А, Б, В, Г танхимуудад намын бүлгийн болон байнгын хороодын хуралдаан явагддаг билээ.

Төрийн ордонтой танилцах аялалд хэрхэн хамрагдах вэ?

УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс эрхлэн Төрийн ордон, УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай танилцуулах ажлыг УИХ-ын гишүүд болон байгууллага, хамт олон, иргэдийн хүсэлтийн дагуу зохион байгуулдаг.
Та танилцах аялалд хамрагдсанаар Төрийн ордны дотоод бүтэц, зохион байгуулалт, Төрийн ордонд байрлах зарим урлагийн бүтээл, хуралдааны танхим, УИХ-ын нэгдсэн чуулганы үйл ажиллагаатай танилцах мөн Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаар мэдээ, мэдээлэл авах боломжтой.

Хэрвээ та энэхүү үйл ажиллагаанд хамрагдахыг хүсвэл УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргад хаягласан хүсэлтээ албан бичгээр ирүүлнэ. Албан бичгийн хавсралтад танилцах иргэдийн овог нэр, регистрийн дугаар, харилцах утас зэргийг үнэн зөв мэдээлсэн байх шаардлагатай.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс нь уг танилцуулах үйл ажиллагааг Төрийн ордны Хамгаалалтын алба болон Төрийн ёслолын албатай хамтран зохион байгуулдаг тул албан тоотдоо “Хувийг Төрийн ёслолын албанд” гэж бичнэ. Түүнчлэн гишүүд тойргийн иргэд, сонгогчидтой уулзалт хийх, зоог барих болон иргэд тойргоосоо сонгогдсон гишүүдтэй уулзах хүсэлтээ тодорхой тусгасан тохиолдолд, холбогдох хүмүүст уламжилж, зохион байгуулахад туслалцаа үзүүлж ажилладаг.

Мөн та УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаантай /Пүрэв, Баасан гарагт/ өдрүүдэд танилцах аялалд хамрагдах хүсэлтэй байгаа бол албан бичгийг хоёр хувь үйлдэж хүргүүлнэ.

Аялалд хамрагдах журам

Иргэд, хамт олныг зохион байгуулалттайгаар УИХ-ын чуулганы үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцуулахыг хүссэн байгууллага, иргэн, дотоод, гадаадын зочид төлөөлөгчдийн хүсэлтийг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст 3-7 хоногийн өмнө албан бичгээр ирүүлнэ.

Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах тухай хүсэлтийг “УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа танаа” гэж хаяглан шуудангаар, эсвэл Төрийн ордны баруун хаалгаар орж Төрийн тусгай шуудангийн албанд хүлээлгэн өгнө.

Хүсэлтийг хүлээн авснаас хойш 1-3 хоногийн дотор тухайн байгууллага, иргэдтэй холбогдон танилцах хугацааг товлож хариу мэдэгдэнэ. Иймд холбоо барих хүний нэр, утсыг бичсэн байна. Холбоо барих утас бичээгүй тохиолдолд хугацааг мэдэгдэх боломжгүй болдог.

УИХ-ын чуулганы үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аяллыг ажлын өдрүүдэд үдээс өмнө 09.00-13.00, үдээс хойш 13.00-16.00 цагийн хооронд зохион байгуулна. /Даваа гарагт музей ажиллахгүй/

Аяллын маршрут

УИХ-ын чуулганы үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах хуваарьт орсон байгууллага иргэд нь Төрийн ордны урд хаалгаар орж, цогцолборын гуравдугаар давхарт байрлах Төрийн ёслол, хүндэтгэлийн танхим руу иргэний үнэмлэхээ шалгуулж нэвтэрдэг.

Төрийн ордны 3 дугаар давхарт байрлах “Хан төрийн долоон эрдэнэ” уран зураг, Чингис хааны цээж баримал, УИХ-ын чуулганы танхим, ёслолын танхимтай танилцан, төрийн туганд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг авахуулна. Мөн цогцолборын 2 дугаар давхарт байрлах Төрийн түүхийн музейн үзмэрүүдийг сонирхох боломжтой.