​ХЭРХЭН МӨРӨӨДЛИЙН АЖЛАА ТАНЬЖ МЭДЭХ ВЭ?

Магадгүй нэг өдөр хийхийг хүсдэг боловч хэрхэн бодит болгохоо мэдэхгүй ажил байгаа байх. Эсвэл нэг тийм мөрөөдлийн ажлын үнэр үнэртэх боловч яг юу гэдгийг нь мэдээгүй яваа ч байж болно. Мөрөөдлийн ажлаа юу болохыг нь мэдэж түүнийгээ бодит болгох зөвлөгөөг хүргэж байна.

1. Өөрийгөө долоо хоног тутам шалгаж бай

Таны карьер танд ямар нэгэн зүйлийг бэлдэж байдаг гэсэн бодолд бид амархан автдаг. Үүнээс гадна бидний гарт төсөөлснөөс бага хяналт байдаг. Тиймээс л өдөр тутмын ажилдаа хавчигдаж, өөрийн карьерыг томоор харж, тавьсан зорилго мөрөөдлөө биелүүлэх стратеги боловсруулж чадахгүйд хүрдэг.

Долоо хоног тутам цаг зарцуулж, өөрийн карьерын талаар эргэцүүлж, дүгнэн үзэх хэрэгтэй. “Би хийж буй зүйлдээ дуртай хэвээр байна уу?” мөнАрын халааснаасаа гаргаж ирмээр хүүхэд цагийн мөрөөдөл одоо байна уу? гэсэн хоёр асуултыг өөрөөсөө асуу.

Би өөрөө үүнийг хэрэгжүүлж байсан тул сэтгүүлийн газрын редакторын ажлаа орхиж номын зохиолч болсон. Хүүхдүүдээ унтсан хойгуур, аяга халуун кофе бариад өрөөндөө орж суухдаа бага байхдаа номын зохиолч болно гэж мөрөөддөг байснаасаа санасан юм. Тэр үед шуудхан л нөүтбүүкээ нээж, зохиолынхоо эхний нүүрийг бичсэн. Энэ номыг дуусгах гэж хоёр жил болсон боловч тухайн үед шуудхан ажил болгоогүй байсан бол хамгийн том боломжоо өдийд алдсан байх байсан.

2. ‘Би олчихлоо ~ эврика’ гэсэн мөчүүдэд анхаарал хандуулах

Нэгэн телевизийн шоунд оролцохын өмнө мэргэжлийн хүнээр нүүрээ будууллаа. Миний нүүрийг будаж байсан бүсгүй ажилдаа маш их дуртай нь илт байв. Түүнээс анхнаасаа л мэргэжлийн нүүр будагчаар ажилласан уу гэж асуутал олон жилийн туршид өөр ажил хийж байсан гэнэ. Гэхдээ тус ажилдаа тийм ч сонирхолтой байгаагүй. Гэтэл нэг өдөр хүүхдүүдийнхээ Халловений нүүр будалтыг хийж суухдаа ямар жаргалтай байгаагаа мэдэрчээ. Тэр үед л өөрийн жинхэнэ хүсэл тэмүүллийг илрүүлсэн хэмээн хуучилсан юм.

Миний хувьд яг л өөрийн гэрт байгаа мэт тав тухтай мэдрэмжийг олдог мөн хийж буй зүйлээ таашааж буй мөчүүдээ олж таних нь чухал гэж боддог. Би хувьдаа гэмт хэргийн холбогдолтой зүйлсэд их дуртай байсаар ирсэн. Мөрдөгчтэй эсвэл нууцлаг олон ангит кинонууд үзээд л. Номын сонголт ч гэсэн адал явдалтай, шүүх цагдаатай холбоотой сонирхолтой номыг түлхүү сонгоно.

Цаасан эсвэл гар утсан дээрээ хамгийн ихээр татагдсан эсвэл амьдралынхаа аль нэг мөчид хүрэхээр зорьсон зүйлсийнхээ жагсаалтыг бичиж байгаарай. Энэ жагсаалтаа долоо хоног бүр эргэн шалгах учиртай юм. Заримдаа таны жагсаалт улам баяжих бөгөөд үүний дүнд яг аль чиглэлд явахыг хүс ч буйгаа мэдэх болно.

3.Карьерын тоо бодох

Би 30 настайдаа анх удаа өөрийн карьерын талаарх тоо бодсон. Тухайн үед редактор хэвээр үлдэхийг хүсч буй эсэхдээ эргэлзэнгүй хандаж байсан. Тэгээд өөр сэтгүүлийн газруудын эмэгтэй редакторууд хэдэн настайдаа ерөнхий редактор болдгийг сонирхтол 30 нас нэлээд хол даваад юм уу 40 гармагцаа уг албанд голдуу томилогдог байв. Ингээд л өөрийн зорилгод хүрэх боломж байгааг ойлгосон. Гэхдээ надад дэмий үрэх цаг бараг үлдээгүй байв. Ингээд л өөрийгөө бэлдэж, илтгэх урлагийн сургалтад хамрагдсан.

Гэхдээ бүх карьерт надад тохиосон шиг боломж байхгүй. Та 60 бүр 70 насандаа ч гэсэн ном бичиж болох боловч кино найруулагч эсвэл гоёл чимэглэлийн дизайнер болж чадахгүй. Тиймээс л багахан тоо бод. Таны мөрөөдлийн салбарынхан хэдэн настайдаа гялалзав. Энэ тоо таны хувьд түлхэх хүч болдог. Хүүе надад чинь тийм ч их цаг байхгүйн байна. Би энэ мөрөөдлийг насан туршдаа хадгалаад байж болохгүй юм байна гэж бодогддог.

4. Том өөрчлөлтийн өмнө багахан туршилт

Хэрэв та өөрийгөө буруу салбарт ажиллаж байна, таны мөрөөдөл өөр газар байгаа гэж боддог бол хэтэрхий ихээр хоосон мөрөөдөлд умбаж болохгүй. Таны хийх өөрчлөлт баттай байх хэрэгтэй. Миний хувьд тэр том сэтгүүлийн газраас гарч ном бичих нь нэг талаар солиотой гэмээр алхам байлаа. Тиймээс л тус албыг хашиж байхдаа анхны номоо бичсэн. Хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөөд, ажилдаа хамгийн түрүүнд ирж номоо бичнэ. Амралтын өдрүүдээр бас л эрт сэрж номоо үргэлжлүүлэн бичнэ. Энэ хугацаанд номын минь хуудаснууд арвижсаар байсан юм.

Ингэж их ажиллах нь зутармаар байсан боловч үнэхээр ном бичих дуртайгаа ойлгож, карьерын том өөрчлөлт хийхэд бэлэн болсон.Түүнчлэн шинэ салбарт орохын өмнө тухайн салбартаа сайн дурын ажил хийх нь өөрийгөө турших бас нэгэн арга болдог.

5. Дараа нь үсэр

Аймаар боловч анхны стрессийг давсны дараа баяр хөөрийг мэдрэх болно. Яг л хоёр хүн дээс эргүүлж, та үсэрч орох ёстой мэт. Таны хувьд нүүрэн дундуураа дээсэнд ороолгоно гэж айна. Гэхдээ амжилттай үсэрч ормогц гэнэтийн сайхан мэдрэмж төрдөг.

Эх сурвалж:http://biznetwork.mn/