ХАТУУ БОЛОВЧ ҮНЭН: БҮТЭЛГҮЙТЛИЙН ЗААДАГ ГУРВАН ХИЧЭЭЛ

Өнөөдрийг хүртэл алдаа онооны талаар олон зөвлөгөө, сэтгэл засах үгсийг сонсож ирсэн л биз дээ? Би шударгаар хүлээн зөвшөөрье. Асуудал шинэхэн байхад буюу таны нүдэнд нулимс цийлэгнэж, таны дотор урагдсан байхад тэдгээр үгс өчүүхэн ч дэм үзүүлдэггүй.

Бүтэлгүйтэл бол сайхан зүйл биш. ‘Тэгсэн бол’, ‘Гэхдээ л’ гэсэн харамслын үгсээр дүүрдэг. Гэхдээ л үүнээс маш үнэтэй сургамж, туршлагыг авч болдог. Яг үнэндээ заавал бүтэлгүйтэж байж л сурдаг цөөн хэдэг зүйлс бий.

Хичнээн хүнд, таагүй, дотор урагдмаар санагдаж байсан ч гэсэн ямар нэгэн шалтгаанаар та бүтэлгүйтсэн нь сайн хэрэг болжээ.

1.Цааш ахих орон зай үргэлж байдаг.

Бүтэлгүйтсэний дараахан хундага юм бариад, яагаад миний буруу биш байсныг тайрбарлах нь хүний төрөлх араншин бололтой. ‘Энэ төсөл хэтэрхий хүнд байсан’ юм уу ‘Эцсийн хугацаа нь хэтэрхий давчуу байлаа’. ‘Тэр үйлчлүүлэгч үнэхээр бүдүүлэг байсан’. ‘Энэ компани байнга л дотроосоо хүн авч байх юм’. Ингэж шатаг тоочсоор байтал таны хийж хүчрэх зүйл үлдэхээ больдог.

Гэтэл бүх зүйлийг өөрөөсөө түлхэж, сурах зүйл огт байхгүй гэдэгт үнэмшсээр байвал та алдаанаасаа хэзээ ч, юу ч сурч чадахгүй. Та хийдэг ажлаараа олонд танигдсан байж болох ч үлдсэн амьдралынхаа туршид алдааг түлхээд байж болохгүй.

Бид бүгдэд сайжруулж болох талууд бий. Харин тэр тал дээр неон өнгийн гэрэл тусгаж, бидний эгдүүг хүргэдэг ганц зүйл бол алдаа, бүтэлгүйтэл юм.

2.Шаргуу зан бол таны хамгийн сайн чанар

Хүн бүр алддаг. Алдаанаас бултах аргагүй. Та оролдсон, хичээсэн бүхэндээ амжилт гаргана гэж байхгүй. Хэрэв энэ бодлыг тээж яваа бол эртхэн хэлье. Та тун удалгүй урам хугарам төгсгөлийг үзэж мэднэ.

Гэхдээ унах мөчид нэг зүйл бодогддог. Энэ хэдхэн даваанд бүдэрч уналаа гээд бүр дуусгана гэж байхгүй шүү. Ингэж бодоод, бушуухан босч, тоосоо гөвөөд, урагш зүтгээд л байх хэрэгтэй.

Таныг сайн ажилтан, сайн хүн болгодог олон сайн чанарууд байдаг. Гэхдээ энэ бүхнээс илүүтэйгүүр ‘шаргуу зан’ карьерын өндөрлөгт аваачих шидтэй. Учир нь байрандаа байхыг өөрөөсөө шаардаад байвал та хаашаа ч явж чадахгүй.

3. Амьдрал цааш үргэлжилсээр

Таны үнэн голоосоо хүсч байсан зүйл бүтэлгүйтэх үед дэлхий тэр чигтээ хөмөрч буй мэт санагддаг. Энэ үед л маргаашийг харах тэнхэлгүй болдог.

Гэвч энэ алдаанаас суралцах ёстой нэг зүйл бол: Таны бодож байсан зүйл болоогүй болохоор дэлхий эргэхээ больно гэж байхгүй. Харин ганц минут гүнзгий амьсгаа авч, бодлоо цэгцэлвэл энэ бүхэн таны хэтрүүлэн төсөлж байсан шиг тийм ч аймаар, ноцтой үр нөлөөтэй биш болохыг ойлгоно.

Тиймээ, амьдрал үргэлжилсээр. Та ч гэсэн цааш явах хэрэгтэй.

Эх сурвалж: https://www.themuse.com/