Өөрийгөө сурталчлах хэрэгтэй юу?

Та жирийн л нэг урсгалаараа нэгэн биш. Та урдаа зорилготой түүнийхээ төлөө зогсолтгүй тэмүүлж байгаа. Зорилгоо биелүүлэхийн тулд зав чөлөөгүй ажиллаж, алхам тутамдаа шинийг олж мэдэж  түүгээрээ өөрийгөө хурцалж байгаа манлайлагч, эрч хүчтэй залуусын нэг. Таны түлхүүр үг бол “ЧАДНА”. Гэхдээ таныг бусад хүн ийм гэдгийг мэдэх болов уу.

Хүмүүс таны тухай ямар бодолтой явдаг талаар ер нь бодож үзсэн үү? Магадгүй та бусад нь миний талаар юу гэж бодох нь чухал биш гэж бодож байвал тэр эндүүрэл болно. Өөрөөр хэлбэл битүүхэндээ хүмүүс таныг харж урам авдаг, эсвэл хор шартай нэгэн нууцхан тантай өрсөлддөг, захирал эсвэл удирдах албан тушаалтнууд тань танаар бахархдаг байвал амжилтыг тань байшинтай зүйрлэвэл суурийг нь нэлээн сайн тавьчихлаа гэсэн үг.

            Амжилттай яваа, өөртөө итгэлтэй хүмүүст нийтлэг ажиглагддаг зан чанарууд байна. Жишээлбэл: тууштай, цаг баримталдаг, харилцааны маш сайн арга барил эзэмшсэн, сайхан хувцасладаг мөн хүмүүстэй харилцахдаа биеийн хэлэмж, харц нь хүртэл өөрийг нь чимсэн, тэр нь өөрийнх нь имидж болсон хүмүүс байдаг.

Сүүлийн үед интернет сошиал медиа хүчээ авч байгаа нь хүмүүст өөрийгөө ямар хүн болох талаар таниулах боломж олгож байна. Тэгэхээр өөрийгөө үнэгүй сурталчлах энэ сайхан боломжийг хэрхэн үр ашигтайгаар ашиглах талаар мэдэхэд илүүдэхгүй хэдэн арга доор бичлээ.

Сошиал медиагаар дамжуулж өөрийгөө таниулах
Хүн бүр тодорхой хэмжээгээр өөрийн хэрэгцээнээсээ шалтгаалж багадаа ямар нэг сошиал медиагийн хэрэглэгч байдаг (Twitter, Facebook, Instagram, LinkedIn гэх мэт)  өөрийн нүүр хуудсандаа мэдээлэл оруулахдаа бас анхаарах хэрэгтэй зүйлс байдаг байна.

Хамтран ажиллагсад болон карьерт тань нөлөөлөх хүрээллээр өөрийн нүүр хуудсаа бүрдүүлэх. Пост оруулахдаа дүрэм болон үг үсгийн алдаагүйн дээр мөн найруулга зүй гэх мэт зүйлсээ анхаарах хэрэгтэй. Таны оруулж байгаа постуудаар тань хүмүүс таныг дүгнэнэ гэдгийг мартаж болохгүй. Анхны сэтгэгдэл маш чухал шүү. Энэ бол таны талаар сайн мэдэхгүй хүмүүст өөрийнхөө талаар сайн бодолтой байлгах боломж юм. Нийт ажилд орж байгаа хүмүүсийн 73% нь сошиал медиагаар дамжуулан ажилд орсон гэсэн судалгаа гарсан байна. Ажил олгогч нар, хүний нөөцийн менежерүүд ажилтан шалгаруулж авахдаа сошиал медиа дахь нүүр хуудсыг үздэг болж.

Ерөнхийдөө та ажиллаж байгаа салбартаа эсвэл ажиллах хүсэлтэй байгаа салбартайгаа холбоотой мэдээ мэдээлэл, мэдлэг тэлэх нийтлэл мөн үзсэн/уншсан хүнд нэгийг бодогдуулахаар утга бүхий хүнд хэрэгцээтэй зүйлсээр өөрийн хуудсаа баяжуулах нь зүйтэй. Гэхдээ хэт туйлширвал хүнд бас тийм ч сайхан санагдах нь юу л бол. Тэгэхээр өөрийнхөөрөө бас танд хөгжилтэй, сонирхолтой санагдсан зүйлс, таны хоббитой холбоотой зүйлс оруулахаа мартав.

Техник технологийн дэвшлийг ашиглаж өөрийгөө таниулах
Цаасаар өөрийн СV-гээ өгөх бүр цаашлаад файл хэлбэрээр илгээх ч хүртэл үе ээ өнгөрөөчихсөн. Харин өөрийн ажлын туршлага болон мэргэжлийн чадваруудаа LinkedIn дээрээ дэлгэрэнгүй оруулж өгвөл таны мэдээллийг хүмүүс нээлттэй харж тодорхой хэмжээнд таньж авах юм.

Гэхдээ үүнийг хамгийн шилдэг шийдэл гэж бодож байвал бас тийм биш. Энэ цаг үед технологи биднийг удирдаад байна уу? Бид технологийг удирдаж байна уу? Гэдэг дээр ч эргэлзэхэд хүрсэн хөгжил болон олон арван гайхалтай сонголтууд бидэнд байна. Байдаг л нэг зүйлээр бусдыг өөртөө татах нь одоо цагт хэцүү. Энэ өрсөлдөөнтэй нийгэмд өөрийнхөө СV-г видео байдлаар нүүр хуудсан дээрээ байрлуулах эсвэл ажил олгогчидруу явуулбал тэдэнд харин ямар нэгэн сэтгэгдлийг төрүүлж чадна.

Ердөө хоёрхон минут ямар туршлагатай юу хийж байсан, юунд сонирхолтой, цаашдын хийхээр зорьж буй зүйлсээ болон өөрийнхөө бусдаас ялгарах сайн талаа тухайн видео дээрээ ярьчих.

Хэрвээ та бүтээлч баймаар байвал танд маш олон сонголтууд байна. Жишээ нь блог хөтлөх эсвэл идэвхтэйгээр ухаалаг, хөгжилтэй жиргэж бас болно.

Эсвэл өөрийгөө ажиллаж байгаа салбартаа мэргэжлийн гэдгээ бусдад мэдэгдмээр байвал тухайн салбарынхаа талаар сонирхолтой фактуудаас хуваалцах эсвэл өөрийнхөө хийж байсан битүүхэндээ өөрөөрөө бахархаж байдаг зүйлээ өөрийн нүүр хуудсандаа оруул, бас бусдад хэрэгцээтэй зөвлөгөө бичих гэх мэт мэдээлэл оруулаарай.

Ингэснээр өөрийгөө тухайн салбарын төлөөлөл, хийж байгаа зүйлдээ эзэн болж чадсан нэгэн гэдгийг тань харж мэдэх болно.

Эх сурвалж:http://www.entrepreneur.mn/