Хүний нөөцийн удирдлагын ангийн оюутнууд сургуулиа амжилттай дүүргэлээ

Стийв Жобсийн Стэнфордын Их Сургуулийн төгсөлтийн баярт хэлсэн үг

2012 оны 5 сарын 3

Steve Jobs, Apple, Pixar, NExt зэрэг нэрийг дуулаагүй хүн ховор биз ээ....

21-р зууны хамгийн шилдэг нээлтийн эзэн энэ эрхэм хүний Стэнфордын их сургуулийн төгсөлтийн баярт хэлсэн үгийг орчуулан хүргэж байна.

Бидний зайлшгүй бодож тунгаах ёстой амьдралын чухал үнэнийг энгийн бөгөөд гайхалтайгаар өгүүлжээ ...

Та хэдхэн хором зарцуулаад заавал уншаад үзээрэй ...

 

Stanford Report, June 14, 2005

Стийв Жобсийн Стэнфордын Их Сургуулийн төгсөлтийн баярт хэлсэн үг

Өөрийн хүсэл мөрөөдлөө олоорой

Дэлхийн хамгийн сайхан сургуулиудын нэг болох Стэнфордын төгсөлтийн баярт та бүхэнтэй хамт байгаа нь надад хүндэтгэлтэй санагдаж байна. Би их сургууль төгсөөгүй. Үнэнийг хэлэхэд их сургуулийн төгсөлтөнд өмнө нь ингэж оролцож үзсэнгүй. Өнөөдөр би та бүхэнтэй амьдралд маань тохиолдсон 3 түүхийг хуваалцахыг хүсч байна. Зөвхөн 3 түүх

Эхний түүх нь үйл явдлууд хэрхэн холбогддог тухай юм.

Би 6 сар сурсныхаа дараа Рийд Коллежоос гарсан бөгөөд, надад дахин 18 сар сурах хугацаа үлдсэн байсан ч би сургуулиа орхисон. Би яагаад сургуулиа орхисон бэ? Энэ явдал намайг төрөхөөс өмнө эхэлсэн. Коллеж дөнгөж төгссөн, сүй тавиагүй, залуухан ээж маань намайг үрчлүүлэхээр шийджээ. 

Тэрээр намайг их сургуулийн боловсролтой гэр бүлд үрчлүүлэх гэж хатуу шийдээд, төрмөгцөө нэгэн хуулчид намайг өргүүлэхээр болоод байв. Тэгтэл намайг төрсний дараа тэд эцсийн мөчид охинтой болохыг маш их хүсч байснаа хэлжээ. Тэгээд эцэг эх маань хүүхэд үрчилж авах хүсэлтэй байсан өөр айлруу шөнө дунд залгаж “Бид бяцхан хүүтэй боллоо, та түүнийг үрчилж авах уу” гэж асуутал тэд ч “мэдээж” гэж хариулсан байна. Гэвч ээж сүүлд нь намайг үрчилж авах гэж байсан гэр бүлийн гэргий нь их сургууль төгсөөгүй, нөхөр нь ахлах сургууль ч төгсөөгүй гэдгийг олж мэдээд үрчлүүлэх гэрээнд гарын үсэг зурахаас татгалзжээ. 

Хэдэн сарын дараа үрчилж авах эцэг эх маань намайг том болохоор их сургуульд явуулах болно гэж амласанд ээж маань зөөлөрсөн юм. 17 жилийн дараа би их сургуульд орсон. Би бараг л Стэнфорд шиг үнэтэй их сургуульд орж, ажилчин эцэг эхийн маань бүх цалин миний сургалтын төлбөрт зарцуулагдах боллоо. 6 сарын дараа ингэж сургуульд сурах нь ямар ч утга учиргүй мэт санагдсан. Амьдралдаа юу хийхийг хүсч байгаа, их сургуульд сурах нь миний амьдралд хэрхэн нөлөөлөх тухай ямар ч төсөөлөл надад байсангүй. Энд би эцэг эхийнхээ бүхий л амьдралынхаа туршид хадгалсан мөнгийг нь үрж байгаагаа л мэдэж байв. Тиймээс би сургуулиасаа гарч, ажиллахаар шийдсэн. 

Тэр үед үнэхээр аймаар байсан ч эргээд харахад миний гаргасан хамгийн сайн шийдвэр байжээ. Сургуулиа хаясан тэр мөчид өөрийн сонирхолгүй хичээлүүдэд дахин суух хэрэггүй болж, өөрийн сонирхолтой зүйлээ хийж эхлэх болсон билээ. Гэхдээ бүх зүйл амархан байгаагүй. 

Надад амьдрах өрөө байгаагүй учраас найзынхаа өрөөний шалан дээр унтдаг байв. Хоол хүнс авахын тулд уусан ундааныхаа савыг 5 центээр буцааж тушааж, долоо хоногт нэг удаа сайн хоол идэхийн тулд Ням гариг бүрийн орой хотоос 7 миль зайтай орших Харе Кришнагийн сүмд алхаж очдог байлаа. Гэхдээ би тэр бүхэндээ дуртай байсан. Би олон зүйлийг төрөлхийн сониуч зангаараа сурч авчээ. Нэг жишээ дурдая: Рийд их сургуульд тухайн үед каллиграфийн /уран бичлэг/ хичээлийг хамгийн сайн заадаг байв. Кампус дахь бүх зурагт хуудас, зарлал зэргийг каллиграфаар гараараа маш гоёмсгоор бичиж тавьдаг байлаа. Би сургуулиасаа завсардсан учраас албан хичээлд суух эрхгүй болж, каллиграфийн ангид сурахаар шийдсэн. Тэнд уран бичлэгийн төрөл бүрийн аргыг сурсан. 

Эдгээрийн аль ч амьдралд хэрэглэгдэнэ гэж бодож байсангүй. Гэвч 10 жилийн дараа бид анхны Макинтош компютерийг бүтээхэд сурсан бүхэн маань надад хэрэг болсон. Бид тэр бүхнийг Мак-д энэ бүхнийг загварчилж өгснөөр гоёмсог бичгийн хэлбэр, загвартай анхны компютер болсон. Би их сургуульд тэр ганцхан хичээлд л суугаагүй бол Мак хэзээ ч тийм олон төрлийн бичгийн хэв болон фондтой байхгүй байлаа. Виндовс Макийг хуулбарлаж эхэлснээс хойш бараг бүх компютерт тэр бичгийн хэв суусан. Хэрвээ би сургуулиа орхиж, тэр каллиграфийн ангид суугаагүй байсан бол компютерууд өнөөгийнх шигээ гоёмсог бичгийн хэвтэй байхгүй ч байх боломжтой байлаа. Мэдээж би их сургуульд байхдаа урьдчилан харж тэдгээр цэгүүдийг /үйл явдлуудыг/ холбох боломжгүй байсан. 

Гэвч 10 жилийн дараа эргээд харахад энэ бүхнийг маш тодорхой ойлгож байна. Дахин хэлэхэд та урьдчилан харж үйл явдлуудыг холбож чадахгүй, харин эргэн харах үедээ холбох боломжтой. Тиймээс одоо өрнөж буй үйл явдал /боломж/ ирээдүйтэй чинь холбогддог гэдэгт итгэх хэрэгтэй. Та өөрийн эр зориг, хувь заяа, карма ер нь юу ч бай, түүндээ итгэх ёстой. Энэ хандлага маань хэзээ ч буруудаж байгаагүй бөгөөд миний амьдралд бүхий л өөрчлөлтийг авчирсан.

Миний 2 дахь түүх амжилт болон уналтын тухай юм.

Би залуу байхдаа хүсэл мөрөөдлөө олж авсан азтай хүн. Воз бид хоёр 20 настайдаа манай гараажид Аппелийг эхэлж байсан. Бид маш шаргуу хөдөлмөрлөж, 10 жилийн дараа 2лахнаа гараажиндаа эхэлж байсан Аппел 2 тэрбум долларын хөрөнгөтэй, 4000 гаруй ажилчидтай том компани болтлоо өргөжсөн юм. 

Жилийн дараа хамгийн гайхалтай бүтээл болох Макинтошийг гаргах үед би дөнгөж 30 нас хүрч байв. Тэгээд би ажлаасаа халагдсан. Өөрийн үүсгэсэн компаниасаа яагаад халагддаг байна аа? гэж гайхаж магадгүй. Аппел өсч өргөжихийн хэрээр бид компанийг надтай хамт аваад явж чадах чадварлаг хүнийг хөлслөн авсан, эхний жилүүдэд ажил сайн явж байлаа. Гэвч бидний ирээдүйн алс хэтийн хараа, зорилго зөрчилдөж эхэлж, эцэст нь үл ойлголцолд хүрсэн. Түүний дараа Захирлуудын Зөвлөл түүний талд орсон билээ. 

Ингээд би 30 насандаа компаниасаа хөөгдлөө. Залуу насны бүхий л амьдралаа зориулсан бүхэн минь шуурганд хийсэн алга болох шиг санагдаж байсан. Хэдэн сарын турш би юу хийхээ үнэхээр мэдэхгүй байв. Бүх зүйлээ алдчихсан мэт санагдаж байлаа. Би Дэвид Паккард, Боб Нойситой уулзаж, аймшигтайгаар уурласандаа уучлалт гуйхаар оролдов. Би олны нүдэн дээр унаж байлаа, тэгээд энэ талбараас зугтах тухай хүртэл бодол толгойд орж ирдэг юм байналээ. Гэвч нэг зүйл бага багаар бодогдож эхэлсэн нь би өдийг хүртэл хийж ирсэн зүйлдээ үнэхээр дуртай байсан. Аппелд болсон үйл явдал намайг өөрчилж чадахгүй. Надаас татгалзсан ч би хүсэл тэмүүлэлтэй хэвээрээ байна. 

Тэгээд би дахин эхлэхээр шийдсэн юм. Тухайн үед харж чадаагүй ч, Аппелээс халагдсан нь надад тохиолдсон хамгийн завшаантай хэрэг байжээ. Амжилттай байхын хүнд ачааг дахин эхлэхийн урам зориг орлосон юм. Энэ нь намайг амьдралынхаа хамгийн бүтээлч үе рүү шилжихэд чөлөөлж, нөлөөлсөн. Дараагийн 5 жилд би NeXT болон Pixar компаниудыг байгуулж, бас миний ирээдүйн эхнэр болох гайхалтай сайхан эмэгтэйд дурласан. Pixar дэлхийн хамгийн анхны компютер графикаар бүтсэн Тоглоомын түүх хүүхэлдэйн киног гаргаснаар дэлхийн хамгийн амжилттай анимейшн студи болсон. 

Онцгой эргэлтийн үед Apple NeXT-ийг худалдан авснаар би Аппелд буцан ирсэн бөгөөд NeXT-д бүтээсэн технологи Аппелийн өнөөгийн амжилтын гол шалтгаан болж байна.

Бас Лаурене бид 2 аз жаргалтай гэр бүлийг бүтээсэн. Хэрвээ би Аппелаас халагдаагүй байсан бол энэ бүхний аль ч тохиолдохгүй байсан гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Хэчнээн гашуун эм байсан ч өвчинд тустай гэдэг дээ. Заримдаа амьдрал толгой руу чинь тоосгоор цохьдог. Тэр үед итгэлээ хэзээ ч битгий алдаарай. Би хийдэг зүйлдээ үнэхээр дуртай байсан учраас л өдий зэрэгт хүрсэн гэдэгтээ үнэхээр итгэдэг. 

Та ч гэсэн өөрийн дурлаж хийх тэр зүйлийг олох ёстой. Хайртай хүндээ бүх зүйлээ зориулдаг шиг, ажилдаа ч гэсэн бүх сэтгэлээ зориулдаг байх хэрэгтэй. Таны ажил амьдралын тань маш томоохон хэсгийг эзлэх ба туйлын сэтгэл хангалуун байх цорын ганц арга нь өөрийн агуу гэж боддог тэр зүйлийг хийх явдал юм. Агуу ажлыг хийх зам нь өөрийн дуртай зүйлээ хийх явдал билээ. Хараахан түүнийгээ олоогүй байгаа бол эрж хайсаар байх хэрэгтэй. Бүү тайвшир. Бүх зүрх сэтгэлээ зориулаад түүнийгээ олох үедээ та үнэ цэнийг нь мэдэх болно. Цаг хугацаа өнгөрөх бүр илүү сайн болж, дассаар байдаг. Тиймээс та хүсэл мөрөөдлөө олтлоо хайсаар байх хэрэгтэй. Битгий хойш суугаарaй.

Миний 3 дахь түүх маань үхлийн тухай юм.

Би 17 настай байхдаа “Хэрвээ чи өдөр бүрийг сүүлчийн өдөр гэсэн хандлагатай амьдрах юм бол хэзээ нэгэн өдөр үнэхээр зөв амьдралаар амьдарсан байх болно” гэсэн үг уншиж байсан. Тэр үг надад хүчтэй нөлөөлж, түүнээс хойш 33 жилийн туршид би өглөө бүр толинд хараад өөрөө өөрөөсөө “Өнөөдөр миний амьдралын сүүлчийн өдөр байвал, өнөөдөр хийх зүйлээ хийхийг хүсэх байсан уу” гэж асуудаг. 

“Үгүй” гэсэн хариулт маш олон тохиолдох үед ямар нэгэн зүйлийг өөрчлөх хэрэгтэй гэдгийг ухаардаг байлаа. Би удахгүй үхнэ гэдгээ санаж байх явдал нь намайг амьдралд том сонголтуудыг хийхэд түлхсэн хамгийн хүчирхэг арга байсан. Учир нь бүх гадаад талын хүсэл, алдар нэр, уналт бүтэлгүйтлийн тухай айдас зэрэг бараг бүх зүйл үхлийн өмнө ор сураггүй алга болж, чухам хамгийн чухал тэр зүйл л үлддэг. Та хэзээ нэгэн өдөр үхнэ гэдгээ санаж байх юм бол ямар нэгэн зүйлийг алдчих гээд байгаа юм шиг хуурамч бодлын хүчээс зайлсхийж чадна. 

Нүцгэн ирээд нүцгэн буцдаг хорвоод зүрх сэтгэлээ дагахгүй байхын аргагүй. Бараг нэг жилийн өмнө би хорт хавдартай гэсэн онош сонссон. Тэр нэг өглөөний 7:30-д дурандуулахад миний нойр булчирхайд хавдар тодоос тод харагдаж байлаа. Би өмнө нь нойр булчирхайн тухай огт мэддэггүй байсан. 

Эмч надад энэ бараг л эдгэшгүй төрлийн хорт хавдар байна гээд, намайг 3-6 сар л амьд явна гэж хэллээ. Тэгээд эмч маань намайг гэртээ харьж, ажил төрлөө цэгцлээд нэг ёсондоо үхэлдээ бэлддээ гэж хэлж байв. Энэ нь хүүхдүүддээ ирэх 10 жилд зааж сургахаар бэлдэж байсан зүйлээ хэдхэн сарын дотор хэлэхийг оролд гэсэнтэй адилхан байлаа. Энэ нь ажил төрлөө цэгцэлж, үлдэх гэр бүлдээ бүх зүйлийг хялбархан болгоод үхдээ гэсэнтэй ижил байсан. Энэ нь баяртай гэдгээ хэл гэсэн үг шиг сонсогдож байлаа. Тэр оношийг бүтэн өдөр бодож явлаа. Оройдоо хоолой руу дотор эрхтний дуран шургуулж, ходоод гэдсээр дамжуулан нойр булчирхайд зүү хүргэж уг хавдраас цөөхөн эс авах биопсийн шинжилгээ хийлгэв. Би тайван байсан. Тэнд байсан эхнэр маань “эмч нар эсийг микроскопоор хараад уйлсан ба учир нь энэ нь мэс заслаар эмчилж болох маш ховор хэлбэрийн нойр булчирхайн хавдар болсон байна” гэж хэлсэн. 

Тэгээд би хагалгаанд орсон, одоо эв эрүүл энд зогсож байна. Би үхэлтэй тэгэж хамгийн ойрхноор тулж очсон ба ойрын хэдэн арван жилдээ ч үхэлтэй ойрхон байна гэж бодож байна. Түүнийг туулж мэдэрсний хувьд, үхэл хэрэгтэй гэхээс гадна цэвэр оюун ухааны хандлага гэдгийг би та бүхэнд итгэлтэйгээр хэлмээр байна: Хэн ч үхэхийг хүсдэггүй. Хүмүүс хэдийгээр диваажинд очихийг хүсдэг ч тэнд очъё гээд үхэхийг хүсэхгүй. Гэвч үхэл бол бид бүхний зайлшгүй очих газар юм. Хэн ч түүнээс зугтааж чадахгүй. Тийм ч байх учиртай, яагаад гэвэл үхэл бол амьдралын цорын ганц хамгийн сайн нээлт байсан байж болох юм. Энэ бол амьдралыг өөрчлөх товчоо. 

Энэ нь хөгшчүүдийг алга болгож, шинэ үеийнхэнд зам гаргаж өгдөг. Яг одоо та нар бол шинэ үеийнхэн, гэвч нэг их удалгүй аажмаар та бүхэн хөгширч алга болно. Хэтэрхий шууд шулуун хэлж байгаад уучлаарай, гэхдээ энэ бүхэн туйлын үнэн билээ.

Та бүхний цаг хугацаа хязгаартай, тиймээс хэн нэгний амьдралаар амьдарч цагаа битгий дэмий үрээрэй. Бусад хүмүүсийн бодлын үр дүнд бий болсон хоосон сургааль, ягшмал номлолыг баримталж битгий хууртаарай. Бусдын үзэл бодлын дуу хоолойг өөрийн дотоод сэтгэлийн дуу хоолойноос өндөрт битгий гаргаарай. Тэгээд хамгийн чухал нь өөрийнхөө зүрх сэтгэл, зөн билгээ дагах эр зоригтой байгаарай. 

Зүрх сэтгэл болоод зөн совин чинь чамайг хэн болохыг хүсэж байгааг мэдэж байдаг. Бусад бүх зүйлс хоёрдугаар асуудал юм.. Намайг залуу байхад миний үеийнхний библи болсон Дэлхий Ертөнцийн Сонин /The Whole Earth Catalog/ гэдэг гайхалтай сэтгүүл гардаг байв. Эндээс холгүй Менло Паркад амьдардаг Стеварт Брэнд гэдэг хүн уг сэтгүүлийг эрхлэн гаргадаг байсан бөгөөд тэр хүн тэр сэтгүүлийг өөрийн уран сэтгэмжээрээ амьдралд бий болгосон. 

Персонал компютер болон дисктор ашиглан хэвлэдэг болохоос өмнө буюу 1960аад оны сүүл үед бичгийн машин, хайч, зургийг шууд гаргадаг зургийн аппарат зэргийг ашиглан тэр бүхнийг хийдэг байв. Энэ нь 35 жилийн тэртээ Гүүгл гарч ирэхээс өмнө анх цаасан дээрхи хийсвэр, гайхамшигтай арга хэрэгсэл, агуу төсөөллөөр дүүрэн санаа байсантай төстэй байсан. Стеварт болон түүний багийнхан уг сэтгүүлийн хэд хэдэн дугаарыг гаргаад, үеэ өнгөрөөх үед эцсийн нэг дугаарыг хэвлэсэн билээ. Тэр нь 1970-аад оны дунд үед байсан бөгөөд би тэр үед та нарын насан дээр байв. 

Адал явдалд дуртай бол машинаа унаад дэлхийг тойрон аялмаар санагдах өглөөний замын зургийг эцсийн дугаарынхаа сүүлийн нүүрэнд хэвлэсэн байсан. Зургийн доод талд “Хүсэл эрмэлзлээр дүүрэн, содон сониуч байя” гэсэн үгс байв. Тэр бол залууст зориулсан тэдний үдэлтийн үг байсан. Үргэлж шинийг эрж хайж байя. Сониуч, бүтээлч байя. Би ч бас та бүхэнд яг ингэж хүсэж байна. Одоо та бүхэн сургуулиа төгсөөд шинээр бүхнийг эхэлж байна. Үргэлж хүсэл тэмүүллээр дүүрэн, шинийг эрж хай. Бүтээлч, шинэлэг бай

Та бүхэнд маш их баярлалаа.

Орчуулга: Enkhbayar Chultemjamts