Ажил хэрэгч залуу та хувцаслалтандаа дараах зүйлийг анхаараарай

Хүнийг өмссөн хувцсаар нь нийгэмд гүйцэтгэх үүрэг, соёл боловсрол, зэрэг зиндаа, үзэл бодол, таашаал, мэдрэмж, үнэт зүйлд хандах хандлага, ааш араншин, бэл бэлчинг тодорхойлж болно. Эрэгтэй хүний хувьд ажил хэргийн үед хамгийн тохиромжтой хувцас нь костюм байдаг. Ямар өнгө, загвар, материаллаар хийсэн зэргээс шалтгаалан хэзээ, хаана өмсөхөө эхэлж сайн бодох хэрэгтэй.

Загварын хувьд өөрийн биеийн онцлог, нас намба, албан тушаал, зиндаагаа харгалзан сонгоно. Ямар ч эрэгтэй хүн эмэгтэйчүүдийн адил гадаад төрх, дутагдалтай хэсгээ нууж, нөхөж хувцаслаж сурах хэрэгтэй. Костюмыг өдөр тутам ажилдаа өмсөхөөр сонгохдоо бөх, хамгийн эвтэйхэн, холимог ноосон даавуугаар хийсэн, цэвэрлэхэд амархан, индүүдлэг сайн авдаг г.м. талыг нь түлхүү анхаарах хэрэгтэй. Ингээд танд зөв хувцаслалтын талаарх дараах зөвлөгөө, мэдээллийг хүргэе.
1. Гадуур хувцас: Эрэгтэйчүүд гадуур хувцас, малгайгаа өнгө нийцүүлэн сонговол зүгээр. Өөрөөр хэлбэл, бараан-бараан, цайвар-цайвар гэх мэт. Албан ёсны буюу ёслол хүндэтгэлийн, фрак, смокинг, хар костюм зэрэгт хар, бараан өнгийн пальто, хар малгай өмсөнө. Фрак өмссөн бол цилиндр малгай, смокинг, костюм өмссөн бол бүрх малгай зохимжтой.
2. Цамц: Цамц нь костюмны дэвсгэр өнгөнд зохицож, хамгийн чухал нь зангиатай уялдаж байх хэрэгтэй. Цамцыг сонгохдоо захыг бүрэн товчлоод долоовор хуруугаа шургуулж үзнэ. Хуруу чөлөөтэй орж байвал сайхан таарч байна гэж үзнэ. Ханцуй нь пиджакны ханцуйнаас 1,5-2 см орчим цухуйж байх ёстой.
3. Зангиа: Зангиа нь эр хүний хэв шинжийг илэрхийлэх гол гоёл болдог. Ажил хэрэгч эрэгтэй ямар костюм дээр ямар өнгийн цамц өмсч, ямар зангиа зүүх нарийн урлагийг төгс эзэмшивэл зохино. Зөв сонгож, сайхан зангидсан зангиа нь үнэтэй костюм, сайн чанарын цамц, гуталтай хоршин бүрэн цогц болдог. Зангиаг сонгохдоо костюм, цамцны өнгийн дагуу тод эсвэл костюмны өнгө оролцсон хээтэй байхаар сонговол хамгийн зохицол сайтай, төв харуулдаг. Өдөр тутам, ажилдаа болон албан ёсны арга хэмжээнд зүүх зангиа нь нэг өнгийн, цулгуй байхаас гадна өнцөг гаргасан, дөрвөлжин, гурвалжин, гонзгой дөрвөлжин, хээтэй, ташуу судалтай эсвэл дугуй толботой байх нь зохимжтой. Зангианы урт, богино нь костюм, бусад хувцасны загвараас шалтгаалах боловч үзүүр нь өмдний тэлээг хааж байхаар зангидах нь зүйтэй.
4. Гутал: Хэрэглээний соёлыг даган гутлаа үргэлж цэвэр сайхан байлгаж, арчилж байх хэрэгтэй. Таны гутал үргэлж шинэ мэт гялалзаж байх ёстой. Шороо тоостой, маажиг гутал ямар ч үнэтэй сайхан загварын хувцасыг гутааж, сүргүй харагдуулна. Ажилдаа болон өдөр тутам өмсөх гутлыг сонгохдоо арчилж, цэвэрлэхэд хялбар, чанартай, бөх талыг нь харах нь зүйтэй. Ажилд өмсөх гутал, тэлээ нь бараан буюу хар эсвэл хүрэн байвал ажил хэрэгч, энгийн байдлыг илтгэдэг. Костюм гутал хоёр өнгө дагуу байх ёстой. Хар бараан костюм дээр цайвар өнгийн гутал, мөн тас хар өнгийн костюм дээр хүрэн, бор гутал тун зохимжгүй харагдана. Гутлаа тэлээ, цүнх, хэтэвч, цагны оосортойгоо зохицуулах нь эр хүнийг дэгжин харагдуулна.
5. Тэлээ: Чанартай, сураар хийсэн, үнэтэй тэлээ эр хүний гоёл болдог. Тэлээг сонгохдоо гутлын өнгөтэй адилыг сонгоно. Тэлээний өргөн нарийнийг сонгохдоо өөрийн биеийн онцлогийг харгалзана. Тэлээний арлыг цагны оосор, үангианы хавчаар зэргийн өнгөтэй хослуулж болно.
6. Хэтэвч: Соёлтой боловсон хүн бүрийн хэвшвэл зохих зүйлийн нэг нь хэтэвчийг тогтмол авч явж зөв хэрэглэж сурах явдал юм. Эрэгтэй хүн аль болох нимгэн, овор багатай авсаархан хэтэвч сонгох нь зүйтэй. Мөн эдэлгээ даахуйц бөх, оёдол сайтай, хатуулгатай хэтэвчийг өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой.
7. Цаг: Эр хүний хувьд үнэтэй, сайхан бугуйн цаг, үзэг онцгой чухал гоёл болдог. Иймээс чанартай, загвар сайтай бас үнэтэй цаг сонгох нь нэр төрийн хэрэг юм. Цагны оосор суран эсвэл төмөр байж болно. Харин зузаан резин оосор, хэт этгээд чамин хийцтэй цаг костюманд зохихгүй.
8. Бусад: Боловсон эр хүн биедээ үргэлж цэвэр алчуур авч явдаг. Ариун цэврийн зориулалттай энэ алчуурыг баруун халаасанд хийдэг./солгой бол эсрэг байж болно/ Мөн тамхины асаагуур, үзэг, гар цүнх эрчүүдийг чимнэ. Костюм дээр хавтас, дээрээ богино бариултай гар цүнх хамгийн зохимжтой.

Эх сурвалж: bolod.mn