Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн, удирдлага

МХНЦЧА-ийн Эрдмийн зөвлөлийн ажиллах журам

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Энэхүү журмын зорилго нь МХНЦЧА-ийн Эрдмийн зөвлөлийн (Цаашид “Эрдмийн зөвлөл” гэнэ) бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой  харилцааг зохицуулахад оршино.
  2. Эрдмийн зөвлөл нь  сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоож, түүний онол, арга зүйн түвшин, үр дүнг хэлэлцэж санал дүгнэлт гаргах, санал зөвлөмж, зөвлөгөө өгөх, сургалт-арга зүй, эрдэм судлалын ажлыг ерөнхий удирдлагаар хангах үндсэн чиг үүрэгтэй.

Хоёр. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны хүрээ


2.1 МХНЦЧА-ийн Эрдмийн Зөвлөл нь дор дурьдсан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэн санал зөвлөмж, дүгнэлтггаргана.

  1. Сургуулийн хэтийн төлөв, хөгжлийн асуудлыг хэлэлцэн санал дүгнэлт гаргах;
  2. Сургалт, эрдэм шинжилгээний ажлын жилийн тайланг сонсож, цаашдын зорилго, чиглэл, бодлогыг тодорхойлох;
  3. Сургалт, эрдэм шинжилгээний ажлын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хэлэлцэж батлах;
  4. Магистрантур, докторантурт суралцагчдын судалгааны ажлын сэдэв батлах, докторын диссертацын урьдчилсан хамгаалалт хийлгэх;
  5. Докторант болон багш, ажилтнуудын эрдмийн бүтээлд үнэлгээ дүгнэлт өгөх, бүтээлийг хэвлүүлэхээр санал дэвшүүлэх, судалгааны хөтөлбөрийг шалгаруулж холбогдох газруудад оруулж шийдвэрлүүлэх, тендерт дэвшүүлэх;
  6. Олон улсын болон хамтарсан, захиалгат судалгааны төслийн биелэлтийг хэлэлцэн дүгнэлт өгөх;
  7. Салбар, холбогдох тэнхимийн эрдэм шинжилгээний ажлын дүнг хэлэлцэн дүгнэлт өгөх;
  8. Эрдэм шинжилгээний төсөлт ажлын үр дүнг хэлэлцэн дүгнэлт гаргах;
  9. Улс орны нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, техник, технологийн хөгжил, бодлого, судалгааны чиглэл зэрэг төр засгийн дээд байгууллагад сургуулийн зүгээс өргөн барих олон талт асуудлаар боловсруулсан төсөл, хөтөлбөр, санал, дүгнэлт, зөвлөмжийг хэлэлцэж санал, дүгнэлт гаргах;
  10. МХНЦЧА-ийн зүгээс эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэлээр бусад байгууллагуудтай тогтоох харилцаа холбоог өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  11. МХНЦЧА-ийн хүндэт цол, тэмдэг, шагнал бий болгох, шагналд тодорхойлох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Гадаад дотоодын нэрт эрдэмтэн, төрийн зүтгэлтэн, энх тайвны төлөө тэмцэгчид, бизнесменүүдэд "МХНЦЧА-ийн хүндэт доктор" хэргэм олгох асуудлыг шийдвэрлэх;

Гурав. Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн, удирдлага

  1. Тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Зөвлөлийн хурал байна.
  2. Эрдмийн зөвлөл нь Эрдмийн зөвлөлийн дарга, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн бүтэцтэй байна.
  3. МХНЦЧА-ийн Эрдмийн Зөвлөлийн дарга нь МХНЦЧА-ийн захирал байна.
  4. Эрдмийн Зөвлөлийн дарга нь хурлын хугацааг товлох, зөвлөлийн гишүүдийн ажил үүргийг хуваарилах, гүйцэтгэлд хяналт тавих зэргээр зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлөөр хангаж ажиллана. Зөвлөлийг төлөөлөн бусад байгууллагуудтай харилцана.
  5. Эрдмийн Зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга нь МХНЦЧА-ийн Эрдэм Шинжилгээ Судалгаа эрхэлсэн дэд захирал байна. Эрдэмтэн нарийн бичгийн дарга нь Зөвлөлийн хурлын бэлтгэлийг хангах, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг хариуцах ба шаардлагатай үед хянан магадлах, тодорхой асуудлаар ажлын хэсгийг зохион байгуулан ажиллуулж болно.
  6. Эрдмийн Зөвлөлийн бүрэлдхүүнд санал болгох гишүүдийн нэрсийг МХНЦЧА-ийн захирал, ЭШСДА, мэргэжлийн тэнхимүүд дэвшүүлнэ.
  7. Эрдмийн зөвлөлд МХНЦЧА-ийн багш, профессоруудаас сонгогдох эрдэмтдийг сургуулийн багш, эрдэм шинжилгээний ажилтны дийлэнх олонхийн буюу гуравны хоёрын ирцтэй хурлаас нууц санал хураалтаар сонгоно.
  8. Эрдмийн Зөвлөлийн бүрэлдэхүүнд бусад байгууллагын зөвлөх, шинжээч, бизнесийн байгууллагын удирдлагаас оролцуулж болно. Эрдмийн зөвлөлд гадны байгууллагаас орох эрдэмтдийг МХНЦЧА-ийн захирлын тушаалаар томилно.

Дөрөв. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн эрх, үүрэг


4.1.Эрдмийн Зөвлөлийн гишүүн дараах бүрэн эрхийг эдэлнэ.

  1. Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэх асуудлаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх;
  2. Эрдмийн Зөвлөлөөр хэлэлцэж буй асуудлаар саналын эрхтэй оролцох;
  3. Сургуулийн үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлыг Эрдмийн Зөвлөлд хэлэлцүүлэх санал оруулах;
  4. Эрдмийн Зөвлөлийн гишүүнээс татгалзах;
  5. Эрдмийн Зөвлөлийн хурлын тогтоол, протоколын биелэлтэд хяналт тавих, зөвлөлөөс байгуулсан ажлын хэсэгт оролцох;
  6. Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулсан судалгааны ажлын чиглэлийн дагуу төсөл боловсруулах, МХНЦЧА-ийн "Эрдэм шинжилгээ, судалгааны төсөлт ажлын сан"-гаас санхүүжилт авах;
  7. Сургуулийн мэдээллийн сан, номын сангийн фондыг ашиглах;
  8. Сургуулийн Е-оффисын программд нэвтрэх, ашиглах;
  9. Байгууллага, нийгмийн тусын тулд багш, ажилтан, оюутнуудын тусламж дэмжлэгийг авах;
  10. МХНЦЧА-ийн суралцагчдад лекц унших;
  11. Эрдмийн зөвлөлийн гишүүн нь ёслолын тусгай өмсгөлтэй байна.

4.2. Эрдмийн Зөвлөлийн гишүүн дараах үүрэг хүлээнэ.

  1. Эрдмийн Зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлэх;
  2. Эрдмийн Зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, тал бүрийн дэмжлэг туслалцаа үзүүлэх;
  3. Эрдмийн Зөвлөлийн шийдвэр, үйл ажиллагааг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг биечлэн зохион байгуулах;

Тав. "Эрдэм шинжилгээ, судалгааны төсөлт ажлын сан"-гаас олгох санхүүжилт

  1. МХНЦЧА-ийн тухайн жилийн хугацаанд зарцуулах "Эрдэм шинжилгээ, судалгааны төсөлт ажлын сан"-гийн хэмжээ 50 сая төгрөгөөс дээш дүнтэй байна.
  2. Эрдмийн зөвлөлийн гишүүн нь "Эрдэм шинжилгээ, судалгааны төсөлт ажлын сан"-гаас санхүүжилт авахыг хүссэн төсөлт ажлын саналаа МХНЦЧА-ийн захиргаанд тухайн оны эхний улиралд 9-р сарын 15–ны дотор, хоёрдугаар улиралд 2-р сарын 15-ны дотор ирүүлнэ.
  3. Дараах шаардлагыг хангасан судалгааны төсөлт ажилд санхүүжилтыг олгоно.
    1. МХНЦЧА-ийн багш, докторант, магистрант, баклаврын түвшний суралцагчдыг хамруулан, судалгааны ажлыг сургалтын төлөвлөгөө хичээлийн хөтөлбөртэй уялдсан байх
    2. МХНЦЧА-ийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын бодлого чиглэлд багтсан байх
    3. Судалгааны ажил мэргэжлийн хүрээнд болон нийгэмд мэдэгдэхүйц ач тустай байх
    4. Судалгааны ажлыг нийтийн хүртээл болгохоор төслийн саналдаа тусгасан байх
    5. Судалгааны арга аргачлал сайтай байх, төсөл төлөвлөгөө SMART шинжтэй байх
    6. Судалгааны багийн ахлагч нь тухайн төслийн судалгааны чиглэлээр бүтээл туурвисан байх
    7. Санхүүжилтын зохистой хэмжээ /тооцооны үндэслэл, зохистой хэмжээ/
  4. "Эрдэм шинжилгээ, судалгааны төсөлт ажлын сан"-гаас санхүүжүүлэх судалгааны төсөлт ажлыг Захиргааны зөвлөл хэлэлцэж шийдвэрлэнэ.

Зургаа. Эрдмийн Зөвлөлийн хурлын дэг

  1. Эрдмийн Зөвлөл нь жилд 2-оос доошгүй удаа хуралдана.
  2. Шаардлагатай тохиолдолд Эрдмийн зөвлөлийн хурлыг өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулж болно.
  3. Эрдмийн зөвлөлийн хурал 75 хувиас доошгүй ирцтэйгээр хүчин төгөлдөр болно.
  4. Эрдмийн Зөвлөлийн хурлыг Эрдмийн зөвлөлийн дарга удирдана.
  5. Хурлаар хэлэлцэх асуудал, гаргах шийдвэрийн төслийг ажлын З-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд тараан танилцуулна.
  6. Эрдмийн зөвлөлийн дарга хурлаар зайлшгүй хэлэлцэх шаардлагатай гэж үзсэнээс бусад асуудлаар мэдээллийн хэрэгсэл /факс, e-mail, шуудан гэх мэт/ ашиглан бичгээр эчнээ хэлбэртэй санал хураан шийдвэр гаргаж болно.
  7. Эрдмийн Зөвлөл нь хэлэлцсэн асуудлын дагуу зөвлөмж болон тогтоол хэлбэрээр шийдвэр гаргах ба илээр санал хурааж, санал хураалтад оролцсон гишүүдийн 3/4 нь зөвшөөрснөөр хүчинтэйд тооцно.
  8. Эрдмийн зөвлөлийн хурлын тогтоолд эрдмийн зөвлөлийн дарга гарын үсэг зурна.
  9. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагаа, хурлыг зохион байгуулахтай холбогдох зардлыг эрдэм шинжилгээний ажлын төсөвт тусгана.

Долоо. Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэх асуудалд тавигдах шаардлага

  1. Эрдмийн зөвлөлийн хуралд асуудал оруулж буй алба, нэгж, багш, эрдэмтэн, ажилтан нар тухайн асуудлаар шат шатны санал дүгнэлтийг албан ёсоор авсан байна.
  2. Асуудал хэлэлцүүлэгч нь тухайн асуудлынхаа талаар танилцуулга, үндэслэлийг холбогдох бичиг баримтуудын хамт Эрдэмтэн нарийн бичгийн даргад хурал болохоос ажлын 7-оос доошгүй өдрийн өмнө өргөн барина.
  3. Хэлэлцэх асуудлыг Эрдэмтэн нарийн бичгийн дарга хянан үзэж, эрдмийн зөвлөлийн даргад танилцуулж хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.
  4. Эрдмийн зөвлөлийн гишүүд нь хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцаж санал, дүгнэлтээ бэлтгэсэн байна.
  5. Эрдмийн зөвлөлийн гишүүд нь хүндэтгэх шалтгаанаар хуралд оролцох боломжгүй тохиолдолд санал дүгнэлтээ Эрдэмтэн нарийн бичгийн даргад бичгээр өгч болно.

8 Эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр баримтлах бодлого, чиглэлүүд

МХНЦЧА-ийн Эрдэм шинжилгээ судалгааны тэргүүлэх чиглэл


Нягтлан бодох бүртгэлийн тэнхим

  • Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг Монгол улсын байгууллагуудад нэвтрүүлэх арга замыг тодорхойлох
  • Аудитын олон улсын стандартын дагуу хөндлөнгийн хяналт тавьдаг тогтолцоог төлөвшүүлэх
  • Санхүү бүртгэлийн ажилтнуудыг шийдвэр гаргагч, манлайлагч болгон төлөвшүүлэх сургалтын бодлогыг тодорхойлох
  • Экологийн зардлыг нягтлан бодох бүртгэлээр зохицуулах эдийн засаг, эрхзүйн үндэслэлийг тодорхойлох
  • Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх

Санхүүгийн удирдлагын тэнхим

  • Монгол улсын эдийн засгийг хөтлөгч санхүүгийн зах зээлийг бүрдүүлэх нь
  • Банк санхүүгийн байгууллагуудын эрсдлийн удирдлагуудыг төгөлдөржүүлэх нь
  • Хөрөнгийн зах зээлийг монголын эдийн засгийг хөгжлийн нэг түлхүүр хүчин зүйл болгон төлөвшүүлэх
  • Монгол улсын иргэдийн хөрөнгийг санхүүгийн капитал болгох арга зам

Бизнесийн удирдлагын тэнхим

  • Жижиг дунд бизнесийг дэмжих тогтолцоог бүрдүүлэх
  • Байгууллагын засаглалыг хөгжүүлэх
  • Авилгалын мөн чанар, түүнийг таслан зогсоох арга зам

Мэдээллийн системийн менежментийн тэнхим

  • Мэдээллийн технологийн ололт амжилтыг байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, өгөөжийг дээшлүүлэхэд бүтээлчээр ашиглах нь

Хүмүүнлэгийн ухааны тэнхим

  • Бизнесийн ёс зүйг төлөвшүүлэх нь