ЁС ЗҮЙТЭЙ БАЙНА ГЭДЭГ АГУУ ЗҮЙЛ

Монголын үүрэн холбооны ууган оператор, татвар төлөлтөөрөө топ аж ахуйн нэгжийн тоонд байгуулагдсан цагаасаа жагссан, нийгмийн хариуцлагаараа бусдад үргэлж дуурайл болж чаддаг компани бол Мобиком корпораци. 

Үйлчилгээний цар хүрээ, бизнесийн ёс зүйгээрээ бүхэл бүтэн соёлыг бий болгож, олон зуун хүнийг ажлын байраар хангаж өнөөдөр хэрэглэгчдийн хамгийн өндөр хувийг эзэлж буй оператор компани болох Мобикомын талаарх гуншин, дагалдах тодотгол их аж.

Тиймээс ч бид та бүгдийн мэдэх энэ тодотголуудыг дахин нуршилгүйгээр тэдний шинэ тутам үйлчилгээ, өрсөлдөөн, зах зээлийн чиг хандлагын талаар ярилцахаар Мобиком корпорацийн Байгууллагын бизнесийн газрын захирал, Хэрэглэгчийн бүтээгдэхүүн ба Маркетингийн газрын захирал, ноён М.Энхсайханыг "Өглөөний хүн" буланд урилаа. Түүнийг хэвлэлийнхэн Мобиком корпорацийн Дэд захирал гэдгээр нь илүү таньдаг болоод байгаа билээ. 

Ингээд М.Энхсайхан захирлын хэвлэлд өгч буй анхны дэлгэрэнгүй ярилцлагыг хүргэж байгаадаа баяртай байна. 

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн”үргэлжилсээр...

БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ АЛБАН ЁСНЫ БОРЛУУЛАГЧААС БУЮУ БАТАЛГААТАЙ ЭХ СУРВАЛЖААС ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ ХАНДЛАГА ИХ БОЛЖЭЭ

- Та iPhone 6 барьдаггүй хэрэг үү?
- Өмнөх зээлээ дуусгасан хойно утсаа солино доо. 

- Гэхдээ Монголд албан ёсоор борлуулж байгаа компанийн нэгэн захирлын хувьд хүмүүст үлгэр болоод хамгийн түрүүнд iPhone 6 барих хэрэгтэй шүү дээ. 
- Үгүй үгүй. Миний утас iPhone 5. Энэ утсандаа би дуртай. 

- Ярилцлага авах хүсэлт тавиад нэлээд удсаны дараа та зөвшөөрлөө. Ямар шалтгаанаар хойшлуулав. Магадгүй iPhone 6-ийн борлуулалттай холбоотой юу? 
- Тэгсэн. Би аравдугаар сарын 1-нээс Мобиком корпорацийн маркетингийн асуудал хариуцах болсон. Энэ ажлыг аваад хэд хэд үймүүлчихсэнийхээ дараа ярилцлага өгсөн нь дээр байх гэж бодсон. 

- iPhone 6-ийн борлуулалт хэр байна? 
- Супер гэж хэлж болно. Нийт 3500 утас борлуулна. 500 нь арай ирээгүй байгаа. Долоо хоногийн дотор 1000 орчим нь зарагдчихлаа. Дараагийн 1000 нь хоёр дахь долоо хоногт зарагдчих тооцоололттой байна. Мөн бид хуучин iPhone 5 - тай хүмүүсийнхээ утсыг сольж өгөх гэж байгаа. 3000 утас маань бараг хүрэхгүй болоод байх шиг байна. 

- iPhone 5, iPhone 5s -ийн борлуулалттай харьцуулахад энэ ямар үзүүлэлт вэ?
- iPhone 6 зөвхөн эхний өдрийн борлуулалтыг аваад үзвэл iPhone 5 -аас 5-6 дахин их, iPhone 5s -ээс 3-4 дахин их борлуулалт юм. 

Долоо хоногийн байдлаар авч үзвэл 5s -ээс 2.5 дахин их зарагдаад байна. 

- Ингэж сайн борлуулалт хийгдсэн гол шалтгаан юу байв?
- Бид үнийн зөв бодлого барьсан. Бэлэн мөнгөөр худалдан авалт хийх хэрэглэгчийн тоо маш сайн байна. Өмнөх жишээнүүдээр нийт борлуулалтын 10 хувь нь бэлнээр, үлдсэн нь лизингээр авдаг байсан. Харин энэ удаад 60 хувь нь бэлэн мөнгөөр, 40 хувь нь лизингээр авч байна. 

Үүнээс юу гэж харж болох вэ гэхээр лизингээр авдаг хүмүүсийн тоо хэвэндээ байгаа. Харин үнийн зөв бодлого барихаар бэлэн мөнгөөр худалдан авалт хийх хүнийх нь тоо өсч байна. Нэг үеэ бодоход манай хэрэглэгчид бүтээгдэхүүнийг албан ёсны борлуулагчаас буюу баталгаатай эх сурвалжаас худалдан авалт хийдэг хандлага их болсныг мөн харж болно. 

- Үнийн зөв бодлого гэхээр хамгийн түрүүнд iPhone 6-г бид харьцангуй боломжийн үнээр худалдан авах боломжтой болсныг хэлсэн байх. Гэхдээ санхүүгийн хувьд танайд бараг ашиггүй байгаа гэж дуулсан. Энэ үнэн үү?
- Үнийн хувьд Мобикомын талд алдагдалтай байдлаар хийсэн. Зөв бодлого гэдэг нь өөрийн хэрэглэгч нартаа илүү таатай боломжуудыг санал  болгосноо хэлж байгаа юм.

Apple-ийн зүгээс бидэнд маш хатуу гэрээ тулгадаг.

 

 Зарим хүнтэй уулзаад явахаар надад гомдоллодог "Би Мобикомыг анх байгуулагдахад нь хэрэглэгч нь болсон. Өдий болтол надад юу өгсөн юм. Надад ямар ашиг байгаа юм" гэцгээдэг. Мэдээж тэр хүнд зориулсан юм зөндөө л байдаг л даа. Энэ тухайгаа хүмүүсдээ сайн хүргэж чадаагүй нь бидний алдаа.

Тиймээс энэ удаагийн борлуулалт дээрээ тодорхой хугацааны турш манай хэрэглэгч байсан хүмүүст хэлж байгаад илүү боломжуудыг өгч байна. Өмнө нь бид удаан хугацаанд манай хэрэглэгч байсанд нь ийм урамшуулал өгч байгаа юм гэж хэлдэггүй байж. Энэ удаад бид энэ нөхцөлийг хэрэглэгчиддээ тодорхой хэлж байгаад үйлчилгээгээ санал болгож байна. 

- Санхүүгийн хувьд танайд үнэхээр ашиг байхгүй гэж үү?
- Санхүүгийн хувьд шууд ашиг байхгүй гэж хэлж болно. Гэхдээ далд утгаар ашиг бий шүү дээ. Юу гэхээр Apple-ийн зүгээс бидэнд маш хатуу гэрээ тулгадаг. Манай зах зээл жижиг учраас тэдэнтэй хэлэлцээрт ороход хүнд байдаг. Маш бага хэмжээний борлуулалт хийдэг байж та нар бидэнтэй юу ярих гээд байна вэ л гэдэг.

Тиймээс бид борлуулалтын хэмжээгээ чадлаараа нэмээд Apple-тэй уян хатан нөхцөлтэй гэрээ хийх тухай яръя гэж төлөвлөсөн юм.

Жишээ нь бид  79 ам.долларын даатгал төлөөд нэг жилийн баталгаат хугацаагаа хоёр жил болгоод энэ хугацаанд хоёр удаа утасны физик гэмтэл буюу унагаасан зэргээс үүдсэн эвдрэлийг хүлээн зөвшөөрч шинэ утсаар сольж өгөх зэрэг нөхцөлийг Монголд нэвтрүүлэх боломжийг эрэлхийлж байна. 

- iPhone 5, 5s зэрэг утаснуудын тухайд эвдрэл гарсан хэчнээн утсыг Мобиком сольж өгсөн бэ?
- Нийтдээ 800 орчим утас хэрэглэгчдэд сольж өгсөн. Хүмүүс Америк руу утас их захиж авч байна. Тэр утас нь ямар нэгэн асуудал гарвал эргээд Америк руу явуулна гэхээр нэлээд хүндрэл үүсдэг. 

Нөгөө талаар албан ёсны борлуулагчид улсад борлуулалтын бүх төрлийн татварыг төлж байна. Энэ бол улсад оруулж буй бидний хувь нэмэр. 

Тэгэхээр миний хэлээд байгаа санхүүгийн хувьд төдийлөн ашигтай биш ч бизнесийн олон ашиг бий. Борлуулалтаа өндөр хэмжээнд хүргээд эргээд бүтээгдэхүүний нэгжийн үнэ, үйлчилгээгээ сайжруулах боломжтой болж байна. Хоёрдугаарт, бүтээгдэхүүн зөв замаар хэрэглэгчид хүрэх ёстой. 

Хүүхэд байхад оросын сувгаар их гардаг байсан даа. Хар зах дээрээс авсан хуурамч DVD-нүүдийг нь худалдан авсан хүмүүст жинхэнэ бүтээгдэхүүнийг нь өгөөд хуурамчуудыг нь шатааж байсан. Энэ компаниудад бол санхүүгийн ямар ч ашиг байхгүй. Юуны тулд үүнийг хийсэн бэ гэхээр ийм хууль ёсны зүйлийг зөв газраас нь аваад хэрэглэвэл танд өөрт чинь хэрэгтэй. Тэгээд бид илүү сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх боломж нээгдэж байдаг шүү дээ. Үүнтэй л адил зүйл юм.

- Гар утасны борлуулалтын тухай яриагаа ингээд дуусгая. Харин сүүлийн үед дуулиан дэгдээгээд буй мессежнүүдийн тухай шинэ мэдээлэл байна уу. ТЕГ-аас мессежний эзнийг илрүүлсэн. Ингэхдээ бүр эзэн нь УИХ-ын гишүүн байсан гэх мэдээлэл хэвлэлээр гараад байгаа. 
- Улс төрийн талаарх асуудалд би хариулах боломжгүй. Тэр мессежнүүдийн тухайд бид аль болох хурдан зогсоосон боловч нэг хэсэг хүнд оччихсон. Үүнээс цаадах асуудлыг тэр холбогдох байгууллага нь шалгаж тогтоох байх. Хариуцсан байгууллагуудынх ажил. 

- Дахиж ийм үйл явдал давтагдахгүй гэх баталгаа бий юу?
- Энэ асуудлыг 100 хувь хаана гэдэг хэцүү. Энэ спам мэйлтэй л адилхан юм. Сайн төрлийн шүүлт ашиглаж байгаа бол спам ирэх нь бага байдаг. Гэхдээ ийм зүйл хийж байгаа хүмүүс мөн л өөрсдийн программаа байнга хөгжүүлж байдаг. Бид өнөөдөр энд бүх боломжоороо хаачихсан байсан ч бидний олж хараагүй нэг нүхийг олж хараад хийхийг үгүйсгэхгүй.

Сурталчилгааны мессеж ирсэн хэвээр байгаа боловч тэр нь Мобикомоос биш байдаг.

 

 Гэхдээ бид sms төвийнхөө шинэчлэлийг эхлүүлчихсэн байсан. Хэрвээ та нар ажигласан бол Мобикомоос очдог спам мессежнүүдийг наймдугаар сараас бүрэн зогсоосон. Хүмүүсийн утсан дээр ийм сурталчилгааны мессеж ирсэн хэвээр байгаа боловч тэр нь Мобикомоос биш байдаг. Бүртгүүлсэн өөрөө хүссэн хэрэглэгчдэд л энэ төрлийн үйлчилгээг хүргэх нь шударга шүү дээ.

Иймэрхүү байдлаар бид өөрчлөлтүүдийг хийж байна. Төлөвлөсөн ажил маань энэ ондоо дуусна. Саяны асуудлын тухайд бидний төлөвлөсөн хугацаанаас өмнө нь тохиолдсон нь харамсалтай. 

- Интернэт ашиглан гар утасны дугаар руу мессеж илгээх үйлчилгээ нээлттэй л байж байдаг зүйл. Харин спам байдлаар ингэж илгээхийг Мобиком, Юнителээс өөр оператор байсан бол зогсоож чадах байсан гэх шүүмжлэл яваад байгаа. Энэ тал дээр тайлбар хэлэхгүй юу?
- Энэ мессежний тухайд харамсалтай зүйл болсон. Манай хэрэглэгчид байсан учраас бид үүнд өртсөн. 

ХЭРЭГЛЭГЧИЙН ТООНЫ ХУВЬД ӨСӨЛТ БАГА БАЙЖ БОЛНО. 
ХАРИН ХЭРЭГЛЭЭНИЙ ТУХАЙД ӨСӨЛТ ДӨНГӨЖ ЭХЭЛЖ БАЙНА

"Өглөөний хүн" ярилцлагын булангийн зочин М.Энхсайхан, iKon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа нар,

- Хамгийн сүүлийн тайлангаар нийт оператор компаниудын бүртгэлтэй хэрэглэгчийн тоо 4,3 сая гэж гарсан байсан. Мэдээж энэ бол давхардсан тоо. Операторын зах зээлийн өсөлт ч хоёр хувьтай байсан. Энэ нь зах зээл ханачихсан гэж үзэж болохоор байна. Зөв үү?
- Харилцаа холбооны зохицуулах хорооны тайлангаар өмнөх жилүүдэд хэрэглэгчийн тоо 10-30 орчим хувийн өсөлттэй байсан. Харин энэ жилийн тухайд нийт зах зээлийн хувьд хоёр хувь л өссөн байна. Тэгэхээр ханачихсан гэж харж болохоор байгаа юм. 

График, Үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо, өсөлтийн хувь:

 

Эх сурвалж: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо 2014

- Тэгэхээр нэгэнт зах зээл тогтворжиж байгаа бол та бүхэн бизнесийн өсөлтийг өөр бүтээгдэхүүн, үйлчилгээнээс харж байгаа байх. 
- Бизнесийн өсөлт цаашдаа байгаа юу гэвэл байгаа. Одоо өсөн нэмэгдэж байгаа хэрэглээ бол дата. Дата хэрэглээ өссөөр байна. Шинэ апп-ууд дахиад гарна. Хэрэглэгчийн тооны хувьд өсөлт бага байж болно. 

Харин хэрэглээний тухайд дөнгөж эхэлж байна. Цаашдаа хэрэглээний маш өргөн тэлэлт байна. Монголын нийт хэрэглэгчдийн 30 хувь нь л ухаалаг утастай гэсэн судалгаа байдаг.Сая нэг Хятадын оператор компанийн төлөөллөөс сонсоход тэдний зах зээлийн 70 хувь нь ухаалаг утастай. Тийм учраас тэнд дата хэрэглээ сард хоёр дахин өсч байна. Маш их өсөлттэй байгаа талаар ярьж байна.

Хятадад ухаалаг утас хэрэглэгчийн тоо манайхаас яагаад ийм өндөр байна вэ гэхээр өөрийн дотоодын үйлдвэрлэгчидтэй. Ухаалаг утаснууд нь хямд үнээр борлуулагддаг. Бид харин хямд ухаалаг утас, ялангуяа Хятадын утсыг төдийлөн худалдан авдаггүй. Боломжийн сайныг нь авчих гэхээр үнэ нь өндөр байгаад байдаг. Тэгэхээр үнийн зөв бодлого баривал манай ухаалаг утастай хэрэглэгчийн тоо маш хурдан нэмэгдэх боломжтой. Жилд дунджаар өсөлт нь 20-25 хувь байгаа. Үүний хэрээр л дата хэрэглээ ашиглалт нэмэгдэж байна гэсэн үг шүү дээ. 

График, Оператор компаниудын зах зээл дэх эзлэмж онуудаар:

 

Эх сурвалж: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо 2014

- Дата хэрэглээний тухай ярихаар контентоос гадна 3G сүлжээний удаан ажилладагт гомдол их байдаг шүү дээ. Энэ цаашдаа технологийн ямар боломж байгаа вэ?
- 3G- ийн хувьд технологийн хувьд хэр их хөрөнгө оруулалт хийхээс  л 100 хувь шалтгаална. Тэр хөрөнгө оруулалтыг нөхөх боломж зах зээлээс олвол бидэнд боломж байна. Гэхдээ бид аль болох багтаамжийг нэмэгдүүлж байгаа. Энэ жилийн тухайд 150 шинэ сайт хийсэн. 150 шинэ бааз, станцыг шинээр барьсан гэсэн үг. 

- Мобикомыг зах зээлд монополь "тоглогч" гэж үздэг. Гэтэл Мобиком, Юнител хоёр хоёулаа 33 хувиас давсан хэрэглэгчтэй болчихсон байгааг сүүлийн тайлангаас харсан. Тэгэхээр монополь гэдэг ойлголт байхгүй болж. Тийм үү?
- Монополь биш л дээ. Давамгайлагч гэж явдаг. Нийт зах зээлийн 33 хувиас дээш хэрэглэгчтэй бол давамгайлагч гэж үздэг. Тэгэхээр Харилцаа холбооны зохицуулах хорооны сүүлийн тайлангаар 33 хувиас дээш хэрэглэгчтэй хоёр оператортой болчихсон байна. 

График, Оператор компаниудын зах зээл дэх эзлэмж:

 

Эх сурвалж: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо 2014

- Тэгэхээр Мобиком давуу байдлаа алдсан юм бол үнийн хямд бодлого барьж зах зээл дээр чөлөөтэй тоглолт хийх боломж бүрдсэн юм биш үү. 
- Бидэнд тэгш бус хандаж байна л гэж хэлмээр байна. 

- Тэгэхээр энэ үнийн бодлогын асуудалд Юнител ч бас хамааралтай болж эхэлж байна гэсэн үг үү?
- Манайх бол журмаараа л явж байна. Бусдын асуудлыг хариуцдаг байгууллага нь шийдэх байх.Сонирхолтой асуудал нь хоёр давамгайлагч гэж байх уу. 

- Хэллэг дээр нь та өөрчлөх ёстой гэх гээд байна уу?
- Үгүй, үгүй. Статусын хувьд яах юм бол гэсэн хүлээлт байна. Бүгдийг нь энгийн болговол яасан юм бэ л гэж байгаа юм. Бидний хувьд давамгайлагч учраас үнэ тарифаа урьдчилан тодорхой хоногийн өмнө мэдэгдэж зөвшөөрөл авах ёстой байдаг. Зарим тохиолдолд зөвшөөрөл өгөхгүй ч тохиолдол байдаг. 

- Хэрвээ таны хэлж байгаагаар Мобиком энгийн статустай боллоо гэхэд үйлчилгээний үнээ бууруулах сонирхол байгаа юу танайд?
- Байлгүй яах вэ. Хамгийн түрүүнд л үүнийг хийх хүсэл байна. Зарим тохиолдолд манай үнэ өндөр байх тохиолдол бий. Гэхдээ бүх зүйл дээр биш.

Харилцаа холбооны зохицуулах хорооны сүүлийн тайлангаар 33 хувиас дээш хэрэглэгчтэй хоёр оператортой болчихсон байна. 

 

Олон улсын яриа болон олон улсын роуминг үйлчилгээ гэхэд манайх хамгийн бага үнэтэй байх жишээтэй. 

Бидний үнийн бодлого дээр доод лимитийг маань заачихдаг л гэсэн үг. Дээрээс нь урьдчилан тодорхой хоногийн өмнө үнийн бодлогоо өөрчлөх гэж байгаагаа мэдэгдэж зөвшөөрөл авдаг маш удаан үйл ажиллагаа явагддаг. Гэтэл тэр хооронд өрсөлдөгчидМобиком үнээ тэдэн төгрөг болгохоор хүсэлт гаргачихсан байна гэх мэдээлэл аваад л маргааш нь тэд үнээ өөрчлөх боломжтой.Өрсөлдөгчид хэнээс ч асуух шаардлагагүй учраас. 

- Та хэд өөрсдөө хямд үнийн бодлого барих сонирхол байна. Гэтэл дээр дурдсан бэрхшээл байдаг. Удахгүй хэрэглэгч дугаартайгаа оператороо шилжүүлэх боломж бүрдэх гэж байна. Энэ та нарт хохиролтой гэж ойлгож болох уу?
- Төрөөс ямар бодлого барина бид түүнийг нь л дагана шүү дээ. Гэхдээ энэ үйлчилгээ шаардлагагүй санагдаж байгаа. Энэ их гарах зардлыг хэн гаргах уу, буцааж хэн төлөх вэ гээд. Мэдээллийн аюулгүй байдлыг яаж хангах вэ гэдэг хамгийн чухал. Бид нэг хэрэглэгчийн мэдээллийг нөгөө операторт шилжүүлэх болно гээд нарийн асуудлууд бий.

- Хүмүүс Мобикомын дугаартайгаа байхыг хүсдэг. Гэвч үнэтэй учир өөр оператор сонгох магадлалтай тухай яригдаад байгаа.
- Энэ тайлбар өөрөө хэр бодитой, үндэслэлтэй вэ гэдгийг хэлэхэд хэцүү. Зөвхөн дугаараас үүдэж Мобикомын хэрэглэгч байна уу, үгүй юу. Эсвэл бусад үйлчилгээ, хүртээмж, үнэ цэнэ, багц нь таалагддаг байхыг үгүйсгэхгүй. 

- Дугаартайгаа шилжих энэ боломж нээгдсэнээр Мобиком хэчнээн хэрэглэгчийг нэмэх эсвэл алдах бол. Тооцоо бий юу?
- Ийм өөрчлөлт хийсэн олон улсын туршлагаар зургаан хувийн дээшээ, доошоо өөрчлөлт байдаг судалгааг ХХЗХ-ноос танилцуулж байсан. 

- Мобиком алдах болов уу, олох болов уу?
-  Манай хариуцсан мэргэжилтний хийсэн тооцоогоор хэрэглэгч нэмнэ гэсэн тоо гарсан байна лээ. Тэр залуу бол энэ зүгээр юм байна л гээд байгаа /инээв/.

МОНГОЛ Ч БАЙ, ГАДААД Ч БАЙ БИД БИЗНЕСИЙН ЭНЭ ЗӨВ ДҮРМЭЭ Л БАРИХ ЁСТОЙ 

- Групп компаниудаа Мобиком өөртөө нэгтгэлээ. Энэ нь бизнес нь ашиггүй байсантай холбоотой юу?
- Үгүй. Мобинет дээр л жишээ аваад ярихад хангалттай том компани. Мобикомын хажууд жижиг харагдах ч дангаараа байхдаа топ 100 компанид орох компани. Энэ компанийг ашиггүйгээс нь болж нийлүүлсэн гэвэл үүн шиг худлаа юм байхгүй. Нэг групп компани учраас хэрэглэгчид үзүүлж байгаа үйлчилгээгээ цул болгож ажиллах л зарчим барьсан. Хэрэглэгчид хүргэх үйлчилгээгээ л сайжруулах зорилготой гэсэн үг. 

- Гэхдээ энэ тал дээр эсрэг байр суурь ч бас байдаг. Өөр төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа нэгжээ охин компани болгоод тусад нь гаргаж байх нь толгой компанийн хувьд ачаалал буурч бизнес нь зөв замаар явдаг ч гэдэг шүү дээ. 
- Нөхцөл байдлаасаа хамаарах ёстой. Зөвлөх компаниуд гэхэд төвлөрсөн компани байхад нэг удаа тараахыг зөвлөөд, тарчихсан компани байвал буцаан төвлөрүүлээд явдаг. Юу хэлэх гээд байна вэ гэхээр өөрчлөлт бол хийгдэж байх ёстой зүйл. 

- Тэр өөрчлөлтийг хийх цаг Мобикомын хувьд болсон байжээ. Мөн үү?
- Тийм ээ. Дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй салбар шүү дээ. Тэр тусмаа харилцаа холбооны салбар хурдтай өөрчлөгдөж байна. 

- Жишээ нь сүүлийн бүтцийн өөрчлөлтөөр таны олж харсан давуу тал юу байв?
- Хоорондын хамтын ажиллагаа, алба, хэлтсийн ойлголцол сайжирч байгаа. Хэрэглэгчид хүрдэг олон шугам нэг болж хүрч байх жишээтэй. 

График, Оператор компаниудын дараа ба урьдчилсан төлбөрт хэрэглэгчдийн харьцаа:

 

Эх сурвалж: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо 2014

- Манайд гадаад орны захирлуудад харшилтай нэг хэсэг бий. Гадаад хүн мундаг гээд л бид шүтээд байдаг. Гэтэл тэд Монголын хөрсөнд буусан шийдвэр гаргаж чадаж байна уу?
- Хэдийгээр бидэнд хөгжингүй орнуудтай харьцуулахад бага хугацааны туршлага байгаа ч бид маш хурдтай суралцаж байна. Хэдэн жилийн өмнөхөөс боловсон хүчний чадвар маш их сайжирч байгаа. 

Гэхдээ бид хурдан өөрчлөгдөж байгаа ч 100, 200 жилийн туршлагатай бидний даван туулах гээд үзээд байгаа асуудлуудыг мэддэг, шийдчихсэн хүмүүсээс зөвлөгөө авч яагаад болохгүй гэж. Гадаад хүн л бол муу гэсэн үг биш. Цэвэр тухайн хүнээсээ л шалтгаалах зүйл. 

Манай захирлын хувьд гэхэд маш зоригтой шийдвэрүүд гаргаж байгаа. Бүтэц болон үйлчилгээний бодлого дээр ч олон өөрчлөлтийг хийж байна. Багцуудын бодлого, дата багц оруулах зэрэг олон өөрчлөлтийг хийгээд байна. 

- Мобикомын хувьд нэгэн сөрөг шүүмжлэл байнга дагадаг. Гадны хөрөнгө оруулалттай, гадаад эзэнтэй гэх мэт. Хамаг ашгаа гадагшлуулдаг гээд л. Үүнд та ямар тайлбар өгдөг вэ?
- Хүн хөрөнгөө оруулаад ашгаа хүртэх нь зүй ёсны хэрэг. Энэ байж болохгүй зүйл юм аа гэж үзэж байгаа хүнийг арьс өнгөний л үзэл гэж хэлэх байх даа. Харин ч энэ хүмүүс тухайн үедээ манай зах зээл дээр эрсдэл хийгээд орж ирсэн хүмүүс. Түүнийхээ үр шимийг хүртэж яагаад болохгүй гэж. Хулгай хийгээд, татвараас зугтаагаад байгаа хүмүүс биш шүү дээ. Эрдэнэт үйлдвэр, Төмөр зам, Оюутолгой гээд тухайн үедээ гадны хөрөнгө оруулалтаар босох шаардлагатай л байсан төслүүд. Түүнтэй л адилхан. Ер нь цаг хугацааны асуудал байх шиг байгаа юм. 

Мобиком Монгол эзэнтэй болох, худалдагдах тухай яриа байнга л гарч байдаг шүү дээ.

 

- Мобиком Монгол эзэнтэй болох, худалдагдах тухай яриа явсаар байдаг. 
- Ийм яриа байнга л гарч байдаг шүү дээ.

- Таныхаар Монгол эзэдтэй болох нь зөв үү?
-  Монгол ч бай, гадаад ч бай бид бизнесийн энэ зөв дүрмээ л барих ёстой.Монголынхоо хууль дүрмийг сахидаг. Нийгмийн хэрэгтэй хэсэгт нь тусалж чаддаг тийм л компани байх ёстой. 

- Төрийн зохицуулалт, бодлого бизнест их дарамт шахалт болж байна гэлцдэг. Танай үйл ажиллагаанд жишээ нь дарамт болж байгаа зүйл байх юм уу?
- Ганц нэг асуудал байхыг үгүйсгэхгүй. Лицензийн гэх мэт. Бусадтай адил тэнцүү зүйлийг л бид хүсч байгаа.

- Мобикомын нэг сул тал нь төрд буюу эрх баригчдад ямар ч нөлөөлөл байхгүй, өөрсдийн төлөөлөл, хамгаалалт байхгүй гэдэг. 
- Үүнийг би сул биш давуу тал гэж хардаг ш дээ. Тийм оролцоо байхгүй учраас өнөөдөр бид бизнесээ улс төрөөс ангид явуулдаг гэж боддог. Нөлөөлөл нэг өдөр давуу тал байж болно. Дараа нь тэр нь хор л болдог байхгүй юу. Хувь хүнийхээ хувьд ч тэр ер нь нэг л зангаараа, барьсан зарчмаараа л явах шиг сайхан зүйл үгүй шүү дээ. 

- Улаанчулуутын хогийн цэгт амьдардаг хүүхдүүдэд зориулсан сургууль босгох ажил МУГЖ И.Одончимэгээр овоглогдоод явж байгаа ч үүнийг би Мобиком санаачлаад, санхүүжүүлээд явсан төсөл гэж ойлгосон зөв үү?
- МУГЖ И.Одончимэгийн санаачилсан төсөл. Тодорхой хэмжээнд бидний хамтарсан ажил. 

- Үр дүн гарчихсан байхад та нар яагаад үүнийг бид хийсэн юм гээд өөрсдийгөө сурталчлахгүй байгаа юм?
- Бусдад буян хийчихээд би түүнд тусалсан гээд л нэг их ярьдаггүй шүү дээ. Олон ийм төсөл Мобиком хийсэн. Тэр болгоныгоо яриад байдаггүй л дээ. 

- Эдийн засгийн хүндрэл танай корпорацийн хувьд хэр тусч байна вэ?
- Мэдээж мэдрэгдэлгүй яах вэ. Утасны борлуулалт гэхэд бид цаад талтайгаа дандаа ам.доллараар тооцоо хийж байна. Энэ бүгд дээрээ ханшийн алдагдал хүлээж байна. Тоног төхөөрөмж ам.доллараар авна гээд хүндрэл бол бий. Бүх л компаниудтай ижил асуудалтай шүү дээ.

АМЖИЛТААРАА ХОЛ ТАСАРСАН ҮЕДЭЭ "ЦОХИЛТОО" ӨӨРЧИЛЖ ТЭДНЭЭС НЭГ ИЛҮҮ АЛХАМ АЛХАЖ ЧАДДАГ БАЙХ ЁСТОЙ

- Мобинет компанийн тухайд та энэ компанийг байгуулсан. Том группын охин компанийг байгуулаад явна гэдэг сонгодог старт-аптай харьцуулахад харьцангуй хүндрэл бага байсан байх.  Гэхдээ юу таны хамгийн том саад байсан бэ?
- 2003 онд тусдаа хэлтсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байсан. Тухайн үед жилийн борлуулалт нь 300 сая төгрөг байсан. Гэхдээ санхүүгийн хувьд дандаа алдагдалтай, хасах гардаг байв. Ерөөсөө мөнгө олохгүй юм байж ядаргаатай их ажилтай гээд л бусаддаа ад үзэгддэг байсан үе бий. Хэдий алдагдалтай ч зөв бизнес байсан, ар тал ч сайтай учир эхлэл сайн байлаа. Ингээд бүх боломж байгаад байхад борлуулалт муу байгаад л байсан. Энэ үед би өөрөө борлуулалт хийдэг байлаа. Интернэт маш үнэтэй, бага хурдтай. Зөвхөн банкууд, гадаадын хэдэн компани л үйлчилгээ авдаг байсан. Үйлчилгээ авахад тухайн үедээ том дүн яригддаг учраас зөвхөн том боссууд нь шийдвэр гаргаж тэдэнтэй нүүр тулдаг байсан. 

Нэгэнт тийм өндөр үнэтэй үйлчилгээ үзүүлдэг байсан учраас үйлчилгээгээ сайн үзүүлэхийг хичээнэ. Эхний нэг жил миний хувьд бүтэн нойртой хонож үзээгүй гэж хэлж болно. Гурван жилийн дараа л би ажилчиддаа хэлсэн. Одоо би шөнө утсаа унтраадаг болно оо гэж. Асуудлыг хариуцах хүмүүс нь хүлээж авч гомдлыг нь барагдуулах боломжтой боллоо гэж үзсэн хэрэг. 

- Та хэлтэс байх үеийнх нь тухай ярьж байна уу?
- Тийм ээ. Гэхдээ бид тусдаа тооцоотой, тусдаа бизнес байдлаар явдаг байсан. Компанийн тухайд намайг сургуульд сураад ирсэн хойно энэ санал яригдсан. Би өөрөө эхнээс нь хийчихсэн хүний хувьд асуудалгүй байсан. Гол асуудал нь хүнгүй байсан. 

Шинээр байгуулагдах гэж байгаа компанид итгэж орох хүн тун цөөхөн. Шинэ компанид орж азаа үзэж байснаас Мобикомдоо байж байсан нь надад дээр гэж хүмүүс үзсэн. Ингээд анхны хүмүүсээ сонгох гэж л би үйлээ үзсэн дээ. 

- Таван жилийн дараа та компаниа ямар амжилтанд хүргэв?
- Анх компаниа 10 гаруй хүнтэй байгуулж байсан бол таван жилийн дараа 110 ажилтантай болсон. Борлуулалт маань гурав дахин нэмэгдсэн. 

- Мобинетийн хувьд өрхийн бус байгууллага руу чиглэсэн зах зээл дээр илүү анхаарч ажилладаг байх. 
- Тэгж хэлж болно. Гэхдээ бид өрхийн интернэт рүү төдийлөн хүч тавьж орох боломжгүй байсан. Одоогийн телевизийн гуравласан үйлчилгээтэй өрсөлдөх нь утгагүй байв. Харин одоо нөхцөл байдал арай өөр болж байна. Телевиз үзэх хэрэгцээ улам бүр багасч байх жишээтэй. Гэртээ очоод телевиз хэр үздэг вэ гээд үзэхээр 40 наснаас доош хүмүүст эрс бага байх магадлал бий болоод байна. Миний хувьд хоёр жил зурагт үзээгүй. 

- Гэртээ огт зурагтгүй гэсэн үг үү?
- Харанхуй өрөөндөө хийчихсэн. 

- Монгол сувгуудыг жишээ нь огт үздэггүй юу. Зөвхөн интернэтээс мэдээллээ авч байна уу?
- Тийм. Гэртээ 21.00 цагт очно. Унтахын хооронд нэг цаг зурагт үзэхээс арай өөр зүйлд цагаа зарцуулах нь илүү гэж үздэг л гэсэн үг. 

- Хувь хүний хөгжлийн тухайд та өөртөө хэрхэн анхаарал тавьдаг вэ? 
- Би өөрөө инженер хүн. Австралид бизнесийн удирдлагаар мастер хамгаалсан. Сурах, суралцах дуртай. Жил болгон ямар нэгэн шинэ соргог олон улсын чанартай сургалтад хамрагдаж толгойгоо цэнэглэхийг зорьдог. Хамгийн сүүлд хөрөнгө оруулагч болох Сумитомо корпорацийн дэлхий дээрх бүх салбарынхаа гүйцэтгэх захирлуудад зориулсан сургалтад хамрагдсан. Мөн Францын Insead гээд сургуулийн сургалтанд явдаг. Багш нарынх нь чадвар, мэдлэг сайн. 

Ёс зүйтэй байна гэдэг агуу зүйл.

 

- Өөрийн карьерийн хувьд өөрчлөлт шинэчлэл хийхээр бодсон санасан зүйл бий юу. Мобикомд та 13 жил ажилласан байна. 
- Компаниа өөрчлөх, орох, гарах тухай бодож байгаа зүйл алга. Харин арга барилын хувьд мэдээж өөрчлөлтийг байнга хийж байх ёстой.

 Гольфийн нэг номерийн тамирчин Тайгер Вүдсийн нэг арга байдаг даа. Амжилтаараа хамгийн хол тасарсан үедээ өөрийн цохилтоо өөрчилдөг. Шинэ цохилтоор цохиод эхлэхээр тэр хүний оноо доошлоод хоёр номерийн хүнтэйгээ нэлээд ойртоод ирдэг. Харин энэ талаараа Тайгер Вүдс сэтгүүлчид "Нэг номерт яваа хүнийг араас нь гүйцэж очих амархан. Тэр хүний сайн цохилтыг дуурайгаад эзэмших л явдал. Харин нэг номероо хадгална гэдэг хамгийн хэцүү. Тиймээс би амжилтаараа хол тасарсан үедээ цохилтоо өөрчилж тэднээс нэг илүү алхам алхаж чаддаг" гэж ярьсан байдаг. Тэгэхээр хүн ажлын арга барилаа байнга өөрчилж, шинэчлэлийг хийж байх ёстой. 

Надад манай компанийн засаглал ба философи нь хамгийн их таалагддаг. Ёс зүйтэй байна гэдэг агуу зүйл.

- Мобикомын хувьд хэрэглэгчиддээ шинээр үзүүлэх үйлчилгээ, задлах сюрприз байна уу?
- Энэ тал дээр би ярих боломжгүй. Сюрприз сюрпризээрээ л байх нь дээр шүү дээ. 

- Танай зүгээс үнээ бууруулах сонирхол бол байгаа. 
- Бидэнд боломж гарвал үнээ бууруулах сонирхол бол байна. 


Ярилцсан:  Ч.Болортуяа  (@Bolort)
Гэрэл зургийг:  Б.Бямба-Очир (MPA.mn)

Эх сурвалж: ikon.mn