Монголчуудад дахин инженерчлэл хийх авьяас бас боломж байна

Чоймаагийн Лодойравсал.

Уулын баяжуулах "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР"-ийн “Баяжуулалтын эксперт удирдлагын систем”, “Чойбалсан хотын ДЦС-ын зуухын шинэчлэл” зэрэг өөрийн сурсан мэдсэн зүйлсээ үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүддээ нэвтрүүлэн түүнээс нь Монголын бүх ард түмэн ашиг шимийг хүртсээр байгаа билээ

Тэрбээр 20 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл туурвиж дотоодын төдийгүй гадаадын нэр хүндтэй сэтгүүл, эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьжээ. Тухайн улсын хөгжлийн хамгийн чухал хэсэг нь шинжлэх ухааны салбар байдаг гэдэгтэй санал нийлэхгүй хүн ховор биз ээ.  Монголын Шинжлэх ухааны салбарын ТОД төлөөллийн нэг Ч.Лодойравсал доктор билээ.

Тэрбээр өөрийнхөө тухай биш өнөөгийн боловсролын систем, БҮТЭЭЛЧ МОНГОЛ хүнийг хэрхэн төлөвшүүлэх талаар л ярих болно хэмээх нөхцөлтэйгөөр ярилцлага хийх урилгыг маань хүлээж авсан юм.

Ингээд МУИС-ийн багш, доктор, профессор Ч.Лодойравсалын ярилцлагыг хүлээн авна уу.

"Бид өөрсдийн гэсэн MOOC -ийн платформтой болно гэсэн үг"

- Боловсролын салбарт эрчээ аваад байгаа нээлттэй боловсролын тогтолцоо гэгч чухам юу болох тухайгаас яриагаа эхэлье гэж бодож байна.
- Нээлттэй боловсрол гэдэг хүн бүрт сурах боломжийг олгож нийтэд нээлттэй онлайн агуулга буюу хичээл санал болгохыг ойлгож болно.

Нийтэд нээлттэй онлайн хичээлд суралцагчид эхлээд маш идэвхтэй бүртгүүлдэг боловч эхний 1-2 долоо хоногт ихэнх нь орхидог. Цаашдаа идэвх улам буурсаар хичээл дуусах үед анх бүртгүүлсэн хүмүүсийн ердөө 10 -20 хувь нь хичээлээ бүрэн дуусгадаг. Тиймээс нийтэд нээлттэй онлайн хичээлийн тогтолцооноос гадна холимог хэлбэрийн хичээлийн систем их яригдаж байна.

- Нээлттэй боловсролын тогтолцоо Массачусетсийн Технологийн Их Сургуулиас (MIT) үүдэлтэй гэдэг. Чухам яагаад МУИС энэ тогтолцоогоор хичээлээ явуулах болсон талаар ярьж өгөхгүй юу?
- Хамгийн анх MIT лекцийн материалаа нээлттэй тавьж эхэлсэн. Тэд 2000 орчим хичээлийн лекцээ нээлттэй тавьсан. Гэхдээ үүн дотор нь багшийн гараар бичсэнийг сканнердсан лекц ч байна. Сайтар бэлдсэн видео хичээлүүд ч байсан. Ингэж лекцүүдийг нээлттэй болгосон нь хүн онлайнаар бие даан суралцах боломжийг олгохоос гадна сургалтын байгууллагууд хичээлийн нэмэлт материалаа ашиглах боломжтой болж буй хэрэг. 

Үүний дараагаар MIT-н edX нийтэд нээлттэй онлайн хичээлийн системээс гадна Coursera, Udacity Khan Academy зэрэг нээлттэй боловсролын системүүд үүссэн.

2011 оны арванхоёрдугаар сараас тавигдаж эхэлсэн edX-н анхны туршилтын хичээлд Монголоос анх "Сант" сургуулийн сурагчид хамрагдаж байсан. "Сант" сургуулийн захирал З.Энхмөнх MIT -ийг төгссөн учраас энэ талаар илүү их мэдээлэлтэй байж өөрийн найз Тонигийн хамтаар туршилтын хичээлүүдэд сурагчдаа хамруулсан байдаг.

2012 оны тавдугаар сард энэхүү сургалт албан ёсоор эхэлсэн юм. Тухайн оных нь есдүгээр сард Дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд Монголын их, дээд сургуулийн багш, БСШУЯ-ны мэргэжилтнүүдийн баг туршлага судлах аялал MIT, Станфордын их сургуульд хийх үеэр MIT-ийн edX-н төвийнхөнтэй МУИС-д энэхүү сургалтыг нэвтрүүлэх талаар санал солилцож хэрэгжүүлэхээр болсон юм. Ингэж бид туршилтаар хоёр улирал дараалан холимог сургалтыг туршсан.  

Монголын хичээлийн улирал зөрж байснаас MIT-ийн зүгээс манай сургуульд тусгай num.edx.org хэмээх дэд домайн (sub domain) гаргаж бидэнд зориулж хичээлүүдээ нээж өгснөөр бид хичээлүүдийг өөрсдийн хөтөлбөрт тохируулан цаг төлөвлөж, тодорхой өөрчлөлтүүдийг хийх болсон юм.

Ингэснээр МУИС-ийн багш нар edX-ийн агуулгаар хичээл заах хэрэгтэй болсон юм. 

Лекц, даалгавар цаанаасаа буюу MIT-аас өгөгдөнө. Манай багш нар хичээлээ семинар хэлбэрээр оюутнуудын ойлгоогүй зүйлийг тайлбарлаж өгөөд чиглүүлэх, хэлэлцэх мөн лабораторийг удирдан оюутнуудтай ажиллаж байсан. Багш нар маань нэмэлтээр сошиал медиаг ашиглан зөвлөөд явсан л даа. Мэргэжлийн суурь хичээл байснаас эхний хоёр улирал энэ сургалтад харьцангуй цөөхөн хэдэн оюутан хамрагдсан. Амжилттай суралцсан оюутнууддаа МУИС-ийн кредит тооцсон.

Бидний туршилтын улирлын дараагаар MIT албан ёсоор холимог загвар буюу Blended  model хичээлээ гаргаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл МУИС, "Сант" хоёр энэ сургалтын загваруудыг туршилтаас нь эхлээд оролцоод явсан гэсэн үг. 

Япончууд “Бид шинэ зүйлд их болгоомжтой хойрго ханддаг. Цэвэр онлайн хичээлээс илүү ийм холимог сургалт эхний шатанд их нийцтэй санагдаж байна” гэсэн

 

- Одоо ямар явцтай байгаа вэ?
- Одоо энэ сургалтын загвар албан ёсны лицензтэй төлбөртэй хичээл болсон байгаа. Бид хэсэг хугацаанд төлбөрөө төлөөд гэрээ байгуулаад лицензээр хичээлийн агуулга, платформыг хэрэглэж байсан. Энэхүү сургалтын гэрээ нь өөрөө их өндөр шаардлагатай. Хамгийн багадаа 500 хүүхэд хамрагдах ёстой зэрэг бидний хувьд бэрхшээлтэй шаардлага бий. Бид анхнаасаа туршилтад нь ороод явчихсан учраас тодорхой хэмжээний хөнгөлөлтүүдийг эдэлж байсан. Гэхдээ гэрээгээр хөнгөлтийн нөхцөлийг дэлгэрэнгүй ярьж болохгүй. MIT-н edX-н  гүйцэтгэх захирал Анант Агарвал TEDx-д тавьсан илтгэлдээ "Сант" болоод МУИС -ийн тухай дурдаж байгааг та бүхэн сонсож болно. 

Видео:

 

Тухайн үед энэ сургалтын системд дэлхийн 15 сургууль хамрагдсан байсан. Эдгээрийн 12 нь Хойд Америкт, гурав нь Турк, Хятад, Монголоос ийнхүү хамрагдаад байгаа юм. Биднийг энэ тогтолцоог нэвтрүүлээд эхлэнгүүт олон улсын нэлээд хэдэн хэвлэл мэдээллийн агентлагууд сонирхож эхэлсэн. New York Times, NHK гээд томоохон хэвлэлүүд МУИС болон "Сант" сургуулиар зочилж энэ хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар сурвалжилсан шүү. Ялангуяа Япончууд “Бид шинэ зүйлд их болгоомжтой хойрго ханддаг. Цэвэр онлайн хичээлээс илүү ийм холимог сургалт эхний шатанд их нийцтэй санагдаж байна” гэсэн. 

 

Сүүлийн улирлаас бид өөрсдийн багш нарын агуулгаар холимог сургалтыг явуулж эхлээд байна.

- Дэлхийн томоохон их сургуулиуд энэ системээр хичээллэж эхлээд байгаа. Олон улсад ч тэр, Монголд ч тэр яагаад энэ холимог тогтолцоо руу орох шаардлага бий болов?
- Орчин үед хүн аливааг сурч, мэдье гэвэл мэдээлэл хангалттай болчихсон байна. Оюутан, сурагчдад мэдээлэл хангалттай байгаа энэ үед зөвхөн тухайн мэдээллийг боловсруулж мэдлэг болгоход нь багш тусалдаг байя гэдэг ойлголт бий болсон. Нэгэнт Google -дээд хайгаад олчих мэдээллийг багш дахин дахин ярих шаардлага байна уу гэдэг нэг дэх асуудал. Үүний оронд багш хүнд хичээл цээжлүүлдэг нэгэн биш зөвхөн сурах чадварыг эзэмшүүлэхэд туслагч байх үүргээ түлхүү анхаарах хэрэгтэй болж байгаа юм.

- Холимог сургалтын тогтолцоо гэдгийн утга нь үүнд оршиж байгаа юм байна. Тийм үү?
- Тийм ээ. Оюутан, сурагчид лекцийн хичээлийг буюу онолыг өөрөө бие дааж аваад танхимд зөвхөн семинарын хичээлд сууж, лабораторид ажиллах л шаардлагатай болж байна гэсэн үг. Ингэснээр суралцагч багшийн тусламжтай өөрөө бие дааж боловсруулсан мэдээллээ батжуулах, тунгаах, тодорхой жишээгээр баяжуулах, шаардлагатай чадвар, дадлыг түлхүү эзэмших боломжтой. 

- Энэ тогтолцоог нэвтрүүлэхдээ та бүхэн багш нарыгаа хүртэл дахин сургах шаардлагатай болсон уу?
- Харьцангуй гайгүй. Шинэ хэлбэрээр хичээл заах сонирхолтой, агуулгаа өөрчлөн бэлтгэх чадвартай багш нартайгаа ажиллаад явж байна.

Бид энэ холимог сургалтын тогтолцоог албан ёсны лицензтэй заах явцад зарим хамтран ажиллах санал ирсэн. Тухайлбал, Стэнфордын Их Сургуулиас холимог сургалтын системийн үр дүнг хамтран судлах санал тавьсан. Бидний хувьд өмнө нь сонирхлоор нь хамруулдаг байсан нь зөвхөн сайн оюутнууд сонгогдсон байх магадлал өндөр. Ингэж зөвхөн сайн хүүхдүүдийг сургахаар үр дүн нь нийтийг төлөөлж чадахгүй. 

Тэгэхээр нь бид оюутнуудыг санамсаргүй байдлаар хоёр хуваагаад нэг хэсгийг нь уламжлалт аргаараа, нөгөө хэсгийг нь холимог системд хамруулаад явж байна. 

Хамгийн гол нь оюутанд хүрч буй хичээлийн агуулга ижилхэн. Арга барил нь л өөр гэсэн үг. Нэг агуулгыг хоёр аргаар оюутанд хүргээд шалгалт авахаар аль систем нь илүү байна вэ гэдгийг үнэлж болохуйц болж байгаа юм. 

- Энэ туршилтаа эхлүүлчихсэн гэсэн үг үү?
-  Тийм ээ. Нэг улирал үндсэндээ дуусч байна. Үүнтэй холбоотойгоор хичээлийн агуулгыг зөрүүлэхгүйн тулд багш нар маань агуулгаа дахин бэлдэж байгаа. Стэнфорд болон MIT нийлээд нээлттэй боловсролын Open edX платформ гаргасан. Нээлттэй платформ. Бид нээлттэй боловсрол болон холимог сургалтдаа энэ платформыг  нутагшуулаад хэрэглэх боломжтой болсон.Өөрсдийн гэсэн MOOC -ийн платформтой болно гэсэн үг. Одоогийн байдлаар багш нарынхаа долоон хичээл системд байршуулаад холимог сургалтаа явуулж байгаа. 

- Сургалтын хоёр янзын арга барилын энэ нь илүү юм байна гэдэг үр дүн хэзээ гарна гэсэн үг үү?
- Нийт судалгаанд 500 орчим суралцагч хамрагдаж байж судалгааны үр дүн гарахуйц болно. 

- Та бүхний бэлтгэж буй энэ нээлттэй сургалтын агуулгыг зөвхөн МУИС биш өөр бусад сургууль, оюутан ашиглах боломжтой юу?
- Манай оюутнууд хамрагдаад боломжийн үр дүн үзүүлж байгаа учраас энэ хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад нэвтрүүлэхээр шийдсэн. Эхний ээлжинд “Сант”, “Шинэ Монгол”, Хөвсгөлийн нэг ЕБС, Байгаль Эх Лицейтэй хамтын ажиллагааны санамж бичиг зурж эдгээр сургуулийн сурагчдыг хамруулах боломжийг олгосон.

- Яагаад “Сант”, “Шинэ Монгол” зэрэг хувийн сургуулиудыг сонгох болов?
- Нэгдүгээрт туршилт гэдэг утгаар миний хувьд таньдаг захирлуудынхаа сургуулийг сонгосон. Хоёрдугаарт дээрх сургуулиуд байгалийн шинжлэх ухааны хичээлүүдийн суурь харьцангуй сайн. Ингээд эхэлтэл Хөвсгөлийн сургууль боломжгүй болсон. Үлдсэн гурван сургуулийн сурагчдыг онлайн хичээлд хамруулаад МУИС дээр долоо хоногт нэг удаа семинар хийж, лабораторид хичээллүүлээд хянаад явсан. Энэ сургалтыг амжилттай дүүргэсэн сурагчдын сурсан хичээлийн кредитийг нь тооцоод явъя гэдэг нөхцөлтэй байсан. Тухайн сурагч сургуулиа төгсөөд МУИС-д элсвэл эдгээр онлайн хичээлийн кредит нь тооцогдоно гэсэн үг. 

- Нээлттэй боловсролын нэг давуу тал дунд сургуулийн сурагч их сургуулийн хичээлийг судлах боломж гэдэг. Энэ сургалтын үр дүн тэгээд гарав уу?
- Уг нь бол тийм. Харамсалтай нь энэ хичээлийг нэг ч сурагч дуусгаж чадаагүй. Бидний алдсан зүйл нь тухайн сургуулиудад нь тус бүрт нэг туслагч багш томилж өгөх ёстой байсан юм шиг байна лээ. Бид эндээс сурагчдад хэчнээн анхаарал хандуулаад сургуулиас нь ямар нэгэн байдлаар шаардлага тавьж, тусламж өгөхгүй болохоор хичээл маань хаягдчихаад байсан. Энэ бол эхний туршилт байсан. Яваандаа чадвартай л бол дунд сургуулийн сурагч ч их сургуулийн кредит цуглуулах боломжтой болж байна гэж ойлгох хэрэгтэй.

- 2012 оноос хойш буюу нээлттэй хичээлүүдэд туршилтаас нь эхлээд хамрагдсан танай оюутнууд эхнээсээ сургуулиа төгссөн байх. Тэдэнд ямар давуу тал бий болсон бэ?
- Тэдний дипломын хавсралтад тухайн хичээлийг албан ёсны edX-ийн индекстэйгээр оруулж байгаа. Тухайн оюутан МУИС-д суралцах хугацаандаа MIT-ийн энэ хичээлийг үзсэн шүү гэдгийг баталгаажуулж өгсөн гэсэн үг. Энэ нь тухайн оюутан мэдлэг эзэмшихээс гадна олон улсын сайн сургуульд үргэлжлүүлээд сурах, ажилд орох зэрэгт эерэг нөлөөтэй юм. 

Эх сурвалж: ikon.mn