‪ #‎Бид_нэг_үндэстэй‬-уриан дор "Богинын Аманд" мод тарьж эх дэлхийдээ буян үйлдлээ. 

" /> Богинын Аманд мод тарьж эх дэлхийдээ буян үйлдлээ

Богинын Аманд мод тарьж эх дэлхийдээ буян үйлдлээ

Манай академи нь суралцагчдийн хамтаар 2016.05.28-ны өдрийг‪ #‎Бид_нэг_үндэстэй‬-уриан дор "Богинын Аманд" мод тарьж эх дэлхийдээ буян үйлдлээ. 
‪#‎Нэг_мод_таривал_энэ_насны_буян‬" гэдэгчилэн ганцхан ширхэг мод жилд 120 гаруй кг нүүрстөрөгчийг шингээн авч, 104 кг хүчилтөрөгч үйлдвэрлэдэг хэмээдэг. Энэ бол дөрвөн хүнтэй нэг ам бүлийг бүтэн жил амьсгалахад хангалттай цэвэр агаар юм. Мөн мод, зүлгийг хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй тарих аргачлалыг хүргэв.

МОД ТАРИХ ХЯЛБАРШУУЛСАН АРГА
Модыг хавар дөрөвдүгээр сарын 25-наас, тавдугаар сарын 25 хүртэлх хугацаанд тарих нь хамгийн үр дүнтэй байдаг ажээ.

  1. Өөрийн сонгож авсан газраа 50-60 сантиметрийн гүн, 70-80 сантиметрийн өргөнтэй ухаж бэлтгэнэ.
  2. Ухаж бэлтгэсэн нүхэндээ 50 хувь хар шороо, 30 хувь элс, 20 хувь хөх бууц болон бусад бордоог хийнэ.
  3. Суулгацыг тарихдаа бэлтгэсэн нүхнийхээ голд үндсийг нь нугалалгүйгээр жигд тарааж, суулгаж өгнө.
  4. Суулгасныхаа дараа хөрсийг сайтар нягтаршуулж, гишгэж өгөөд нэг модыг 40-60 литр усаар усална.
  5. Өглөө оройн цагт 30-40 литр усаар нэг модыг нэгээс хоёр удаа услах бөгөөд, услах хоног нь долоогоос арав хоног. Суулгаснаас хойш арван сард нэг удаа цэнэг усалгааг хийх бөгөөд усалгаа хийх явцдаа хөрсний сийрүүлэлтийг хийж өгдөг байна.
  6. Модоо тарьсан цагаас хойш гурван жилийн дараагаас арчилгаа усалгааг хийх шаардлагагүй болдог ажээ.

Эх сурвалж: "НИЙСЛЭЛ ТАЙМС" сонин

МОД ТАРЬЖ УРГУУЛАХ АЖИЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУЛТ, ХАРИУЛТ

Асуулт-1: Мод тарьж байгаль орчиндоо иргэн хүний хувьд өөрийн зүгээс хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байна. Хаана хандах вэ?

Хариулт: Мод тарих, ойжуулах ажлын саналаа юуны түрүүнд тухайн орон нутгийн Засаг дарга, байгаль орчны газар, Ойн ангид хандах нь зүйтэй. БОНХЯ-ны зүгээс таны гаргасан саналыг бодлогын хувьд ямагт дэмжинэ.

Асуулт-2: Мод тарих ажилд зориулж санхүүгийн дэмжлэг авах боломж бий юу?

Хариулт: Иргэн бүр үүргийнхээ дагуу жилд нэг мод тарьж, арчлан хамгаалж ургуулах ёстой учраас санхүүжилтийг иргэн өөрөө хариуцана.

Харин орон нутгийн Байгаль орчны газраас зарлаж буй улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ойжуулалт, ойн зурвас байгуулах ажлын сонгон шалгаруулалтанд оролцож тодорхой шаардлага хангасан бол гэрээ байгуулан ажиллаж санхүүжилтийн дэмжлэг авах боломжтой.

Асуулт-3: Мод тарих мэргэжлийн зөвөлгөөг хаанаас, хэнээс авч болох вэ?

Хариулт: Тухайн аймаг, нийслэл орон нутгийн байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага болон ойн анги, ойн мэргэжлийн байгууллагуудаас авч болно. Мөн манай яамны www.mne.mn интернет цахим хуудаснаас авч болно.

Асуулт-4: Үр тарьц, суулгац хаанаас авч болох вэ?

Хариулт: Мод, бут сөөгний тарьц, суулгац үржүүлдэг, худалдан борлуулдаг аж ахуйн нэгжүүдээс худалдан авна. Улаанбаатар болон хөдөө аймгуудад тарьц, суулгацны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах үеэр мод үржүүлдэг мэргэжлийн байгууллагуудаас худалдан авч болно. Модны үр худалдан авахдаа орон нутгийн холбогдох байгаль орчны газар болон ойн ангид үр авах тухай хүсэлт гарган БОНХЯ-нд ирүүлэн Ойн судалгаа хөгжлийн төв (УТҮГ)-ийн үрийн нөөцийн сангаас тодорхой үнээр нарс, шинэс модны үр худалдан авч болно.

Асуулт-5: Өөрийн ургуулсан тарьц, суулгацаа борлуулахад яам, түүний харьяа газар туслах уу?

Хариулт: Хавар намрын улиралд V, X дугаар сард 2 удаа тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг орон нутагт БОНХЯ болон харьяа байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг энэ үеэр борлуулах боломжтой юм. Мөн манай яамны Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтэст худалдан борлуулах тарьц, суулгацны мэдээллийг ирүүлсэн тохиолдолд үнэгүй интернэтэд тавих болон сонирхож буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад сурталчилан холбон өгч болно.

Асуулт-6: Ойжуулалт хийх газрыг хаанаас авч болох вэ? Газрын төлбөр төлөх үү?

Хариулт: Тухайн жилд улсын төсвийн хөрөнгөөр ойжуулалт хийх шаардлагатай талбайн хэмжээг орон нутгаас санал аван БОНХЯам хуваарилан холбогдох орон нутагт хүргүүлдэг.

Харин өөрийн хөрөнгөөр ойжуулалт хийх тохиолдолд тухайн сумын Засаг дарга болон Ойн анги, байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага, албан тушаалтанд хандан ойжуулах талбайг заалган гэрээ байгуулан ажиллаж болно. Ойжуулалт, хийсэн мод тарьсан, талбайд газрын төлбөр төлөхгүй.

Асуулт-7: Тарьсан ойгоо улсад худалдаж болох уу? Ямар үнээр улс худалдаж авдаг вэ?

Хариулт: Өөрийн хөрөнгийн тарьц,суулгацаар ургуулсан мод сөөгийг 3 жил, үрээр тарьж ургуулсан бол 5 жилийн дараа цаашид урган амьдрах чадвар бүхий таримал ой болгоод улсын ойн санд хүлээлгэн өгч болно. Таримал ойн талбайн хэмжээ 0.5 га-гаас дээш байх шаардлагтай. Таримал ойг 1 га-гийн ойжуулалтын нормативт зардал, арчилгаа, тордолт, хамгаалалтын зардлыг оруулан тооцсон жишиг үнээр улс худалдан авна.

Асуулт-8: Бүх нийтээр мод тарих өдрөөр мод тарих газрыг хэрхэн сонгох вэ?

Хариулт: “Ойн тухай” хууль-ийн 31.2 дахь хэсэгт зааснаар сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга мод суулгах талбайг сонгох, хөрс боловсруулах, тарьц суулгацаар хангах тэдгээрийг услах, арчлах ажлыг ойн мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулж уг ажилд иргэдийг татан оролцуулна гэсэн байна.

Асуулт-9: Улсын төсвийн хөрөнгөөр ойжуулалт, ойн зурвас байгуулах ажил гүйцэтгүүлэх талаар тендер зарлагддаг байгаа түүнд хэрхэн оролцож болох вэ?

Хариулт: Холбогдох хууль, журмын дагуу улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр ойжуулалт, ойн зурвас байгуулах ажлыг аймаг, нийслэлийн Байгаль орчны газрууд орон нутагтаа тендер зарладаг. Тухайн тендерийн бичиг баримтанд тусгагдсан, шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллагуудыг сонгон шалгаруулж гэрээ байгуулдаг. Иргэн уг тендерт оролцох хууль эрхзүйн үндэслэл байхгүй учир нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагууд оролцох бүрэн боломжтой юм.

Асуулт-10: Ойжуулалт болон ойн зурвас байгуулахад 1 га талбайд хэдэн мод тарих, ямар хугацаанд тарих ёстой вэ?

Хариулт: Одоо мөрдөгдөж байгаа технологийн дагуу ойт хээрийн бүсд шилмүүст модны тарьцаар ойжуулалт хийхэд 1 га талбайд 2-3 настай тарьцаар 2500-3000 ширхэг, говь, тал хээрийн бүсэд ойн зурвас байгуулахад навчит модны 2-4 настай суулгацаар 1 га талбайд 600 ширхэгээс дээш байхаар анх тарилтыг хийнэ. Модыг хавар 4- сарын 25-аас 5 сарын 25 хүртэл, намар 10 сарын 1-ээс хойш мод шилмүүс, навчаа бүрэн гээж тайван байдалд орсон үеэс эхлэн газар хөлдөх үе хүртэл хугацаанд тарина.

Асуулт-11: Хот суурин газрыг цэцэрлэгжүүлэхэд мод, сөөг тарих ажлыг хэн хариуцах вэ?

Хариулт: Орон нутгийн төсвийн хөрөнгөөр дээрх ажлыг зохион байгуулах ёстой. Иймд аймаг, нийслэлийн Засаг дарга, Байгаль орчны газар, сум, дүүргийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал өөрийн эрх, мэдлийн хүрээнд санхүүжилтийг шийдвэрлэж, мод тарих, ногоон байгууламжийг бий болгох, тэдгээрийг услан, арчилж хамгаалан ургуулах ажлыг хариуцах ёстой.

Асуулт-12: Газар тариалангийн талбай, авто болон төмөр зам, төв суурин газарт хамгаалалтын ойн зурвас байгуулах хүсэлтэй байна хаанаас санхүүжилт авах вэ?

Хариулт: Тухайн газар тариалан эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн хөрөнгөөр ойн зурвас байгуулж ургацын хэмжээг нэмэгдүүлэх боломжтой.

Мөн аймаг, нийслэл, сум, дүүрэг орон нутгийн төсвийн хөрөнгөөр тариалангийн талбай, авто болон төмөр зам, төв суурин газрыг хамгаалах ойн зурвасыг төсөл хэрэгжүүлэх замаар гүйцэтгүүлнэ.

Монгол улсын “Төсвийн тухай” хууль шинэчлэсэн найруулгаар батлагдаж 2013 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа бөгөөд уг хуулийн 58 дугаар зүйлд Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх /ойжуулалт, ойн зурвас байгуулах, мод үржүүлэх, хот суурингийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод тарих гэх мэт/ үйл ажиллагааг орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр болсон.

Иймд иргэн Та мод тарих ажилд шаардлагатай санхүүгийн дэмжлэгийг орон нутгийн засаг захиргаандаа хандаж шийдвэрлүүлж байхыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас зөвлөж байна.

эх сурвалж: mne.mn

Мод тарих арга технологи 

Доктор Д. Энхсайхан 
            Бургас тарих талбайг сонгох
 Бургас тарих талбай нь хөнгөн шавранцар, элсэн, хар шороон хөрстэй бол илүү тохиромжтой. Жилд унах тунадасны дундаж хэмжээ 200-300 мм-ээс багагүй байх нь зүйтэй. Бургас үндэслүүлэх талбайн хөрсний ус аль болох ойр 1.5-2.0 м-ээс холгүй байх шаардлагатай. Бургасны үйлдвэрийн плантаци 50-100 га-аас доошгүй хэмжээтэй байх нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой.           
 Бургасны саваа мөчрийг бэлтгэх.
 Бургасны саваа мөчрийг тухайн газар нутагт ургаж байгаа бургасан шугуйг сийрүүлэх, засаж танах журмаар бэлтгэн авна. Үйлдвэрлэлийн түүхий эд бэлтгэх таримал шугуйг ургуулах зорилгоор байгалийн бургаснаас саваа мөчрийн тайраадас бэлтгэнэ.Сийрүүлж огтолсон модноос 1-2 настай, өвчин, хортонд нэрвэгдээгүй мөчрийг нь шилэн авч, саваа мөчрийг тусгай зориулалтын хайчаар бэлтгэнэ.Машины тэвшинд цас дэвсэж, мөчрөө үелүүлэн тавьж дахин цасаар хучих замаар дүүртэл ачиж тээвэрлэх буюу эсвээс брезентээр боож тээвэрлэж болно. Ингэж авчирсан саваа мөчрийг тусгайлан шуудуулж ухсан нүх буюу зооринд үелүүлэн хийж элс, цасаар хучиж дээд талыг сайн таглаж хаана. Мөчрийг ургамлын тайван үеэс шүүс хөөрөх хүртэлх хугацаанд бэлтгэнэ. Энэ нь манай орны цаг уурын янз бүрийн нөхцөлд жил бүрийн 10-р сарын 20-оос дараа жилийн 3-р сарын эхний арав хоногт багтана. Модны үзүүрийн нахиа хөөсөн үед савааг бэлтгэж болохгүй.
          Саваа мөчрийг тайраадас болгон бэлтгэх. Бургасыг мөчрөөр нь үржүүлэхэд түүний мөчрийн тайраадасны урт онцгой нөлөөтэй байдаг. Мөчрийн тайраадасны уртаас хамаарч суулгацын үндэслэлт, амьдралт харилцан адилгүй байдаг. Мөчрийн тайраадасны урт нь хангай, хээрийн бүсэд 25-30 см байна. Тайраадас бүр 8-аас доошгүй ширхэг нахиатай байвал зохино. Бургасны модожсон мөчрийн I, II зэргийн тайраадсыг тусгай зориулалтын бургасны плантаци байгуулах, суулгац бэлтгэх зэрэгт зориулж ургуулахад илүү тохиромжтой. Бэлтгэсэн саваа мөчрийг тусгайлан хадгалсан зоориноос гарган авч тэдгээрийг тарихаас нэгээс, хоёр долоо хоногийн өмнө тайраадас болгон бэлтгэнэ. Тайраадасны бүдүүн нь 0.6-1.8 см байх ба түүнийг саваа мөчрийн доод, дунд хэсгээс бэлтгэх нь илүү тохиромжтой байна.Бэлтгэж авсан тайраадсыг жишгийн дагуу зэрэглэж ялгаж 50, 100 ширхэгээр багцлан боож зориулалтын зоорь, шуудуунд суулгах хүртэл цас, нойтон үртэс, чийгтэй элсээр хучиж түр хадгална. Хэрэв тээвэрлэх тохиолдол гарвал чийгийг алдагдуулахгүйгээр үртэс, цасаар даруулж, берзинтээр хучиж тээвэрлэх хэрэгтэй. Мөчрийн тайраадсыг бэлтгэж суулгахаас нь өмнө 72-125 цагийн туршид усанд хийнэ. Мөн өсөлт түргэсгэгч бодис гетероауксины 0.01 хувийн уусмалд (150мг) 15-24 цаг болгосны дараа тарилт хийхэд нахианы задралт, үндэслэлт хурдасна.Мөчрийн тайраадсыг тарих хүртэл гэмтээлгүй сайн хадгалах шаардлагатай. Саваа мөчрийг тайраадас болгохдоо үзүүрийн болон доод талын нахиа тус бүрээс 3-4 мм зайтай тайрна.
       Хөрс боловсруулалт. Бургасны модожсон мөчрийн тайраадсыг тарихад зориулж талбайн хөрсийг 30-35 см (40 см) гүн хагалж боловсруулна. Гүн хагалсан хөрс нь ургамал ургах аятай нөхцлийг бүрэлдүүлэхээс гадна хог ургамал ургах, өвчин, хортон үүсэх нөхцлийг таслан зогсоох сайн талтай байдаг. Хөрсний үндсэн хагалгааг намрын цэвдэгш буюу хаврын хагалгаагаар гүйцэтгэнэ. Үндсэн хагалгааны дараа борнойдолт хийнэ.Бургас тарих талбайн хөрс нь тэгш, сэвсгэр, сийрэг, нягтарч бөөгнөрөөгүй, үрлэрхэг бүтэцтэй, хог ургамлаас бүрэн цэвэрлэгдсэн, суулгацын үндэсний систем зохих хэмжээндээ хүртэл хөгжих нөхцлүүдийг хангасан байх шаардлагатай.
       Тайраадас суулгах хугацаа. Бэлтгэсэн тайраадсыг хавар 4 дүгээр сарын сүүлчийн 10 хоногоос 5 дугаар сарын сүүлч хүртлэх хугацаанд суулгана. Зарим нутагт бургасны тайраадсыг намар 10-р сарын 1-нээс 15-нд суулгаж болно. Хэрэв нэгж га-аас авах жишгийн суулгацын тоог нэмэх шаардлагатай бол мөр хоорондын суулгалтыг нягтруулна. Мөчир тарих ажлыг хавар цас хайлсны дараа шууд хийнэ. Намар тарих газар нь тунадас нилээд унадаг, хөнгөн хөрстэй байвал зохимжтой. Мөчрийн тайраадсыг босоо буюу налуулж (хүнд хөрсөнд) үзүүрийн нахиаг хөрсөнд ил суулгана. Ус чийг дутагдалтай гандуу нөхцөлд мөчрийн оройн нахиаг гадаргуутай тэгшилж суулгана. Мөчрийн тайраадсыг заавал чийгтэй хөрсөнд суулгах ба суулгасны дараа тогтмол услах шаардлагатай.
        Тайраадасны арчилгаа. Мөчрийн тайраадасны амьдралт, өсөлт, хөгжилт нь ургамал ургалтын хугацаанд явуулах арчилгаанаас ихээхэн хамаарна. Суулгацыг чанартай сайн ургуулахад арчилгааны горимыг нарийн мөрдөх нь чухал юм.

Усалгаа. Бургасны тайраадас чийглэг нөхцөлд илүү сайн ургана. Бургасны тайраадсыг ургуулахад усалгааны арга, нормыг мөрдөх зайлшгүй шаардлагатай юм. Усалгааг мод үржүүлгийн талбайд хэд хэдэн аргаар хийж болно. Усалгааг ямарч аргаар хийсэн дараахь үндсэн нөхцлийг хангасан байх шаардлагатай. Үүнд:Усалгааны шанг ус урсахад тохиромжтой болгож задгай ба нээлттэй гэсэн хоёр янзаар хийнэ. Задгай болон нээлттэй шангаар услах шуудууг 18-20 см гүн, 0.3-0.8 хэмийн хэвгийтэй байгуулна. Шангийн ёроолын хэсэг тэгшхэн байх шаардлагатай. Тайраадсыг ургах ургамал ургалтын эхний хагаст 30-35 см гүнд нэвчилж услана. Усалгааг хөрсний хээрийн чийг багтаамжийн 70 хувь орчимд байхаар бодож хийнэ. Энэ нь ойт хээр, хээрийн бүсэд га-д 530-580 м3/ га ус байхаар тооцож услана гэсэн үг. Шуудуугаар усалж байгаа нөхцөлд усалгааны нормыг 25-30 хувиар ихэсгэнэ. Ямар ч тохиолдолд услалтын нормыг га-д 500 шоометрээс хэтрүүлж болохгүй. Тайраадас суулгасан талбайн хөрсийг 5-р сард нэг удаа, 6-р сард хоёроос гурван удаа, 7, 8-р сард хоёр удаа 40-35 см гүнд нэвчилж услах нь тохиромжтой байна. Усалгааны давтамж нь тухайн жилийн хур тунадасны хэмжээ болон нарны гийгүүлэлтээс хамаарч бага зэрэг хэлбэлзэж болно.
         Хөрс сийрүүлэлт. Үндэсний системийн агаарын солилцоог эрчимжүүлэх, чийгийн алдагдлыг багасгах, ус, бордоо хөрсөнд шингэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хөрсийг сийрүүлэх арчилгааг ургамал ургалтын хугацаанд тогтмол явуулна.Ургамал ургалтын эхний үед Алтай, хээрийн бүсэд 5, 6-р сард нэг, 7-р сард хоёр, 8-р сард нэг удаа ургамал хооронд гараар 4-5 см гүнд гаапуугаар сийрүүлэх ба эгнээ хооронд 10-15 см гүнд сийрүүлэлтийг тогтмол хийнэ. Хөрс сийрэгжүүлэх, хог ургамалтай тэмцэх ажлыг жилд Ус чийгээр дутагдалтай хүнд хөрстэй газарт усалгаа хийсний ба бороо орсны дараагаар хөрсийг сийрэгжүүлж, хог ургамлыг нь цэвэрлэж байвал зохино. Ус чийг хүрэлцээтэй хөнгөн сэвсгэр хөрсөнд сийрэгжүүлэлтийг 15-18 см гүнд хийнэ. Ургамлын эгнээ хоорондын хог ургамлыг 20 см гүнд сийрүүлэгчээр сийрэгжүүлж устгана.Сүүлийн үед хог ургамлыг устгахад гербицид (симазин)-ыг 10-15 кг га-д бодож усанд уусгаж шүршиж хэрэглэж болно.
         Бордоо. Суулгацыг аль болох богино хугацаанд өсөлт хөгжилт сайтай ургуулахад хөрсийг үндсэн ба нэмэгдэл бордоогоор бордох нь хамгийн чухал юм. Үндсэн бордоог хөрс боловсруулахад хийнэ. Нэмэлт бордоог тухайн талбайн хөрсний шинжилгээний дүнг үндэслэн 2-3 жилийн дараа бордож болно. Ойт хээр, хээрийн бүсийн нөхцөлд га-д азот 60-100 кг, фосфор 100-120 кг, кали 20-40 кг-аар бодож бордоно.
         Суулгацыг хэлбэржүүлэх. Бургасны суулгацыг ашиглах зорилго, чиглэлээс хамаарч түүнд тохирсон хэлбэржүүлэлт хийнэ. Бойжуулах талбайд ургуулж байгаа суулгацанд гол тулгуур иш (гувар), салбар мөчрийг (титэм) засаж, танан хэлбэржүүлэлт хийнэ. Хэлбэржүүлэлтийг ишний ба титмийн гэж ангилна. Бургасны үйлдвэрлэлийн плантацибайгуулах технологи Бургасны плантаци байгуулах ажлын зорилт нь мөчрийн тайраадсаар ургуулсан суулгацыг шилжүүлэн тарьж улмаар гэрийн модны бэлдэц, болон араг шээзгий, сүлжмэл эдлэл хийх түүхий эдийг бэлтгэх явдал юм. Плантаци байгуулахад талбайг сонгох, хөрс боловсруулах, суулгац сонгох, суулгах хугацаа, суулгацын байршлын схем, тэдгээрийг арчлах технологийн дэс дарааллыг шийдвэрлэхэд оршино.
         Плантаци байгуулах талбай сонгох. Бургасны үйлдвэрлэлийн плантаци байгуулах талбайг сонгоход дор дурьдсан нөхцлийг онцгой анхаарах хэрэгтэй. Үүнд: Бургасны плантацийн талбайн гадаргуу аль болох тэгшдүү, усалгааны шуудуунд ус өөрийнхөө урсгалаар гүйхэд тохиромжтой 5-80-с илүүгүй налуу байна. Плантаци байгуулах талбайн хөрс элсэнцэр, хөнгөн шавранцар бүтэцтэй байхын хамт давсжих ямар нэгэн шинж тэмдэггүй байвал зохино. Плантацийн талбайг уулын ар хажуу юмуу сүүдэр газар сонгож үл болно.Бургас гэрэлд дуртай учраас түүнийг тарих талбай гэрлээр бүрэн хангагдсан ил задгай газар байх шаардлагатай.
         Хөрс боловсруулалт. Плантаци байгуулах талбайн хөрсийг цэвэр уриншийн системээр хөрс боловсруулах нь талбайг хог ургамлаас цэвэрлэж чийг хуримтлуулах ач холбогдолтой.Хөрсийг суулгац суулгах жилийн хавар 4-р сарын 25-наас, 5-р сарын 15-ны дотор, намар 9-р сарын 20-ноос 10-р сарын 10 хүртэл хугацаанд хагалж боловсруулна.Бургасны суулгацыг гараар буюу суулгац ухагчаар ухаж авна. Ухаж авахад гэмтсэн үндэсний хэсгийг хурц хайчаар эгц хөндлөн тайрч зайлуулна. Зэрэглэж ангилсан суулгацыг 50 ш-ээр боож багцална. Хавар эрт, намар орой суулгацыг ухаж авсны дараа суулгалт хийх хүртэл тусгай зоорь буюу шуудуунд нойтон элс, цасаар сайтар чигжиж дарж түр хадгална. Хадгалах зоорь буюу шуудууны орчны температур -5 хэмээс дээшгүй байвал зохино. Бургасны суулгацыг тээвэрлэхдээ машины тэвшинд чийгтэй шороо, үртэс асгаж үндсийг далд ортол булж усална. Тээвэрлэх хугацаанд тогтмол чийгтэй байлгах хэрэгтэй.
          Бургасны суулгац суулгах хугацаа, арга. Плантацид бургасны суулгацыг хавар 4-р сарын 25-аас 30-нд, 5-р сарын 1-ээс 10-нд, намар 9-р сарын 30-аас 10-р сарын 10 хүртэл хугацаанд суулгана.Плантацийн талбайд суулгац суулгалтыг 2 хүн гүйцэтгэнэ. Нэг дэхь хүн нь нүхийг бэлтгэж, 2 дахь хүн нь суулгацыг эгц барьж шороог хийж нягтруулан гишгэнэ. Плантацид бургасны суулгацны үндэсний хүзүүг газрын гадаргуугаас доош 10-15 см гүнд байхаар суулгана.Бургасны плантацийн талбайд суулгацыг суулгасны дараа түүний гол гуврыг газрын гадаргуугаас дээш 10-20 см-т цэцэрлэгийн хайчаар тайрч үлдсэн угийг тосон будгаар будна. Энэ нь бургасны суулгацыг буталж, салаалж ургах нөхцлийг бүрэлдүүлнэ.
           Бургасны суулгацыг суулгах схем Ашиглалтын зориулалтаас хамаарч бургасны плантацид суулгацыг дараах схемээр суулгана:1. Бургасны плантацийн талбайн ургамал хооронд 1.0 м, эгнээ хооронд 1.5 м.2. Ургамал хооронд 1.5 м, эгнээ хооронд 2.0 м. 3. Ургамал хооронд 1.5 м, эгнээ хооронд 3.0 м. 4. Ургамал хооронд 2.5 м, эгнээ хооронд 3.0 м. 5. Ургамал хооронд 3.0 м, эгнээ хооронд 3.0 м-ээр тус тус байрлуулна. Суулгалтын схемийг сонгож авсны дараа суулгалтын схемийг талбайд тэмдэглэхдээ эгц шулуун эгнээ гаргах хэрэгтэй. Талбайд хуваарилалт хийсний дараа олс татаж шулуун чиг гаргаж суулгац суулгах нүх ухах цэгийг тэмдэглэнэ. Гэрийн модны бэлдэц авах зорилгоор суулгацыг суулгахад ургамал хооронд 1.0 м эгнээ хооронд 2.0 м эсвэл ургамал хооронд 1.5 м, эгнээ хооронд 3.0 м зайтай байна.
          Усалгаа. Бургасны плантацийн талбайд суулгац суулгахаас 3-4 хоногийн өмнө ухсан нүхийг нэг удаа усална. Суулгацыг суулгасны дараа 35-40 см гүнд нэвчилж услана. Ургамал ургалтын хугацаанд Алтай, говь, хээрийн бүсэд 5 ба 6-р сард 10-14 хоногийн зайтай, 7 ба 8 сард 14-16 хоногийн зайтай 2 удаа услана. 9-р сард нэг удаа усална. Усалгааны норм нь нэг га-д 500-700 м3 ус орохоор тооцно. Ургамал ургалтын нийт хугацаанд 10-13 удаа усалгааг хийнэ. Харин хуурай хээр, Алтайн бүсэд хаврын салхи ихтэй байдаг учир усалгааны завсар өнгөн хэсгийн хөрс хаталтаас сэргийлж усалгааг нэмэлт болгож хийхийг практикт анхаарах хэрэгтэй. 2, 3 ба 4 дэхь жилийн усалгааны норм ижил байна.
         Хог ургамал устгах. Ургамал ургалтын хугацаанд плантацийн талбайн хог ургамлыг устгах, хөрсийг сийрүүлэх арчилгааг тогтмол хийх шаардлагатай. Ургамал хооронд сийрүүлэлт хийхэд гар ажиллагаагаар гүйцэтгэнэ. Хөрсийг гараар сийрүүлэхэд тармуур, хог ургамал устгахад гаапуу ашиглана. Ургамал хооронд 4-6 см гүнд гараар сийрүүлнэ. Усалгааны дараа хөрс сийрүүлэлтийг үндэсний хүзүүвчээс нэлээд зайтайгаар 5-7 см гүнд хийнэ.
         Суулгацын хэлбэржүүлэлт. Бургасны суулгацын саваа мөчрийг тайрч танахдаа плантацийн аж ахуйн зориулалттай уялдуулан хийнэ. Хэрэв гэрийн унь, хананы материал бэлтгэх зориулалттай бол гол ишнээс 4-5 ширхэг шулуун найлзуур ургуулахаар тооцож таналт хийнэ. Харин араг, шээзгий, сагсны материал бэлтгэх зориулалттай бол гол ишинд 6-7 найлзуур ургахаар бодож таналт хийнэ. Бургасны суулгацны ишний хэлбэржүүлэх арчилгааг ургамал ургалтын хугацаанд 5, 6, 7, 8-р саруудад хийхэд суулгацын ишний ургалтын явцад сөрөг нөлөө үзүүлэхгүй. Бургасны плантацид ургуулсан суулгацаас жишгийн хэмжээнд хүрсэн саваа мөчрийг ургамал ургалтын хугацаа дууссан 10-р сарын 1-нээс дараа оны 5-р сарын 1 хүртэл бэлтгэж байна.

эх сурвалж:http://education.niigem.mn