Хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 сарын дотор бүртгүүлж, ажилгүйдлийнхээ тэтгэмжийг авах эрхтэй боллоо

УИХ-ын 2015 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг баталсан билээ.

Уг хуулийн “Ажилгүйдлийн тэтгэмжийн тухай” хуулийн өөрчлөлтөд зааснаар Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн албанд, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй гэж заасан.

Уг заалт шинэчлэгдсэн нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 14 хоногт амжиж бүртгүүлээгүй даатгуулагч 3 сарын дотор бүртгүүлж, ажилгүйдлийнхээ тэтгэмжийг авах эрх үүсэх тааламжтай зохицуулалтыг бий болголоо.

Харин тэтгэмж авах хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаан гэдэгт:

  • даатгуулагч хүндээр өвчилсөн
  • хорио цээрийн дэглэм тогтоогдсон
  • байгалийн болон нийтийн хамарсан гамшиг тохиолдсон-даатгуулагч өвчтөн асарч байсан
  • ажилтнаас хамаарахгүй шалтгаанаар ажил олгогчтой тооцоо хийх хугацаа хойшилсон
  • гадаад улсад зорчсон зэрэг шалтгаанууд тус тус хамаарагдана.

Мөн даатгуулагчийн ажлаас халагдсан шалтгааныг үл харгалзан ажлын 76 өдрөөр тооцон ажилгүйдлийн тэтгэмж олгох болсноор ажилгүй байх үеийн орлогын хэмжээ өсөх боломжтой боллоо.

Дээрхи заалтууд 2015 оны долоодугаар сарын 01-ээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхлэх юм.