Э.Батбаяр: 2017 оноос иргэд төлсөн НӨАТ-ынхаа 20 хувийг буцааж авдаг болно

~Иргэд 2017 оноос төлсөн НӨАТ-ынхаа 20 хувийг буюу үнийн дүнгийнхээ 2 хувийг буцаан авах боломжтой болно~

УИХ-ын хаврын чуулганаар НӨАТ-ын тухай хууль шинэчлэн батлагдсан. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр иргэдэд төлсөн татварынхаа 20 хувийг буцаан авах, сугалаанд оролцох зэрэг олон боломж нээгдэх юм. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахын тулд Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн дарга Э.Батбаяртай ярилцлаа.  


-НӨАТ-ын хууль шинэчлэн батлагдсан. Хуулийн төслийн талаар ерөнхий мэдээлэл өгөөч?

-2015 оны УИХ-ын хаврын ээлжит чуулганаар НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хуульчлан батлагдсан. Шинэчилсэн найруулгын төслийг Сангийн яамнаас 2014 оны хаврын чуулганаар өргөн барьж байсан. УИХ-аас хоёр ажлын хэсэг гарч ажилласны үр дүнд хууль батлагдсан. Хуулийн төсөл 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

Ажлын хэсэг Р.Амаржаргал гишүүнээр ахлуулж, сар гаруй хугацаанд ажилласан. Үүнд томоохон аудитын компаниуд, СЭЗДС, МУИС, Татварын итгэмжилсэн мэргэжилтэн зөвлөхийн нийгэмлэгээс төлөөллүүд оролцсон. Мэдээж Сангийн яамнаас зохион байгуулалтыг хангаж ажилласан.

-НӨАТ гэж юу вэ. Ямар ач холбогдолтой вэ?

-Монгол Улсад анх 1998 онд НӨАТ нэвтэрсэн. Өмнө нь 1993 онд Худалдааны татвартай байсан.Энэ хоёр хоёулаа хэрэглээний татварын төрлүүд. Өөрөөр хэлбэл эцсийн хэрэглэгч төлдөг онцлогтой. Дээрээс нь олон улсын хэмжээнд бүртгэлийн механизм болж ажилладгаараа НӨАТ онцлог байдаг. НӨАТ-ын хувь хэмжээний хувьд 1998-2007 онд 10-15 хувьтай байсан. 2007 онд НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр хувь хэмжээг буулгаад 10 хувь болгосон байдаг.

Олон улсын хэмжээнд бүртгэлийн механизм болж ажилладгаараа НӨАТ онцлог байдаг

 

НӨАТ-ын босго анх 1998 онд 10 сая байсан. Энэ босго 2007 он хүртэл хэвээрээ хадгалагдсан. 2007 онд хийгдсэн НӨАТ-ын шинэчлэл дээр ОУ-ын Валютын сан, Дэлхийн банкны зөвлөхүүд тодорхой хэмжээнд туслалцаа үзүүлсэн.

Сая 2015 оны хаврын чуулганаар батлагдсан хуулийн төсөл дээр ч олон улсын байгууллагууд зөвлөгөө өгч, чамгүй урт хугацаанд хамтарч ажилласан байгаа.

НӨАТ өнөөдрийн байдлаар төсвийн хамгийн их орлогыг бүрдүүлж байгаа татваруудын нэг.2014 онд 1.4 их наяд орчим төгрөг төсөвт төвлөрсөн. Энэ татвар Монгол Улсын нийт орлогын 21.9 хувийг дангаараа бүрдүүлсэн байна.

-НӨАТ-ын хуулийг өөрчлөн найруулах шаардлага яагаад бий болов?

-Хууль өөрчлөн найруулах шаардлага яагаад бий болсон бэ гэж хүмүүс их асуудаг. Манай эдийн засагт 2003 оноос хойш нэлээн өөрчлөлтүүд гарч эхэлсэн. 2008, 2009 оноос хойш эрчтэй өсч эхэлсэн. Үүнтэй холбоотой 2010, 2011 оноос хойш эдийн засгийн нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн байгаа. Гадаадын олон компаниуд Монголд үйл ажиллагаагаа явуулах болсон төдийгүй манай дотоодын компаниуд ч гэсэн маш олноороо НӨАТ-ын босгыг давж, НӨАТ төлөгчөөр бүртгүүлж, НӨАТ-ын орчинд үйл ажиллагаа явуулах болсон.

Үүнтэй холбоотой НӨАТ-ын хууль тойрсон хүндрэлүүд нэмэгдэж эхэлсэн. Татвар төлөгч болоод татварын байгууллагуудын хооронд үл ойлголцох, хуулийг олон утгаар ойлгох, өөр өөрийнхөөрөө тайлбарлах гэх мэт асуудлууд гарч байсан. Үүнээс гадна нэлээн том асуудал бол НӨАТ-ын падаантай холбоотой гэмт хэргийн шинжтэй асуудлууд ихэссэн явдал юм.

Өөрөөр хэлбэл НӨАТ-аар дамжуулаад борлуулалтын орлогоо хий бичилт хийх, худалдан авалтаа хийгээр өсгөх ажил хийгдэж байсан. НӨАТ-ын падаан цахим хэлбэрт шилжээгүй, цаас байсан учир татварын байгууллагаас нэгдсэн хяналт тавих боломжгүй байсныг зарим татвар төлөгч хууль бусаар ашигласан явдал гардаг байв. Энэ асуудлаар Эрүүгийн цагдаагийн байгууллагуудад олон хүн шалгагдсан. Нэг нь худалдан авагч, нөгөө нь худалдагч байдаг тул нэг компаниас болоод хамтран ажилладаг олон байгууллагууд хохирсон хэрэг хүртэл гарч байв.

Тэгэхээр бидэнд шинэ хуультай холбож хяналтаа сайжруулах, ийм алдаа гарахгүй байх орчныг бүрдүүлэх, бизнесээ хуулийн хүрээнд эрхлэх боломжийг олгох, хүн бүр хуулийн дагуу бүртгүүлээд, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байх шаардлага тулгарч байна.

Нөгөө талаасаа энэ бол эцсийн хэрэглэгчийн төлдөг хэрэглээний татвар. Тийм болохоор эцсийн хэрэглэгчийн худалдаж авсан бараа, үйлчлүүлсэн үйчилгээ, ажилдаа төлсөн татварыг нь дундын бизнес эрхлэгч, хувь хүн, хуулийн этгээд төлөхгүйгээр нуун дарагдуулснаас үүдэн ард иргэдийн төлсөн татвар эргээд боловсрол, соёл, цэрэг цагдаа, бидний өдөр тутмын амьдралд хэрэгтэй ажил үйлчилгээг төрөөс үзүүлэх боломжийг бууруулах тохиолдол гарч байгаа. Тэрийг бид засч сайжруулъя гэдэг үүднээс шинэ хуулийн төслийг боловсруулсан.

Мэдээж хэрэг мэдээллийн технологи илүү ашиглах, цахим хэлбэрт шилжүүлж татвар төлөгч, татварын байгууллагуудын хоорон дахь  зардлыг багасгах гэх мэт олон асуудлуудыг шийдэх зорилт тавьж, энэ хуулийг өөрчилсөн.

"Татварын буцаан авалтаас гадна тухайн гэр бүл хэрэглээгээ хянах боломжтой болно"

-Хуулийн төслийн шинэчилсэн найруулгад гарсан томоохон хэдэн өөрчлөлтүүдийг уншигчдад тайлбарлаж өгнө үү?

-Нэгдүгээрт бид Азидаа төдийгүй дэлхийд хамгийн бага татвартай улсуудын тоонд ордог.Тэгэхээр бид хэдийгээр эдийн засгийн байдал хүнд, төсөвт мөнгө шаардлагатай байсан хэдий ч татварын хувь хэмжээг нэмээгүй.

НӨАТ-ын хувь хэмжээ 10 хувь хэвээрээ хадгалагдаж байгаа. Арван хувь хадгалагдаж байгаагаас гадна бид хяналтын механизмаа сайжруулж байгаа. Бид эцсийн хэрэглэгчийн тусламжтайгаар хяналт, бүртгэлийг сайжруулах үүднээс төлсөн татварын 20 хувийг иргэдэд буцааж олгох шинэ консепцийг оруулсан.

Өөрөөр хэлбэл НӨАТ-ын хувь хэмжээ нь 10 хувь хэвээрээ хадгалагдаж, эцсийн хэрэглэгчид тодорхой хувийг нь буцаан өгч байгаа гэхээр иргэнд үзүүлж буй татварын хувь хэмжээ багасч байгаа гэж хэлж болно.

Түүнээс гадна бид НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг болгож өсгөсөн. 1998 онд энэ хэмжээ 10 сая байсан. Тухайн үедээ нэлээн өндөр дүн байсан нь гарцаагүй. Өнөөдөр 20-иод жилийн дараа эдийн засгийн цар хүрээ тэлж, бизнесийн орчин өөрчлөгдөж, нөхцөл байдал өөр болсон үед энэ тоо хэмжээ хэвээрээ байх нь зохимжгүй.

Бизнесийн үйл ажиллагаа гэхээсээ илүү нэг удаагийн шинжтэй борлуулалт хийж, байр, машинаа зарсан энэ тохиолдолд НӨАТ төлөгч болохоор, эсвэл хэт бага, жижиг дунд, бичил бизнесүүд НӨАТ төлөгч болж улирал бүр зардал өндөр гарахаар байгаа учраас бид босгыг 50 сая төгрөг болгосон.

10-50 сая төгрөгийн хооронд жилийн борлуулалтын орлоготой ААН сайн дураараа НӨАТ төлөгч болох боломж бий. Өөрөөр хэлбэл 10 саяас дээш төгрөгийн борлуулалттай, НӨАТ төлөөд хэвшчихсэн, НӨАТ төлөгч томоохон бизнесүүдэд бараа үйлчилгээгээ нийлүүлээд хэвшчихсэн бол сайн дураараа бүртгүүлж болно.

Хүн бүр НӨАТ-ын 2 хувийн буцаан олголт гэж юу ярьж байгаа вэ гэдгийг сонирхож байгаа байх. Хуулин дээр урамшуулал гэж орсон байгаа. Урамшуулал нь хоёр янзын хэлбэртэй байх юм.Нэгдүгээр таны төлсөн татварыг бид буцааж олгоно. Ингэж олгохдоо та худалдан авалтаа бүртгүүлэх ёстой. Ингэж бүртгүүлснээр татвар, Сангийн яам мэдээллийн технологи ашиглаад сардаа болон жилдээ хэдэн төгрөгний худалдан авалт хийснийг бүртгээд авчихна.

Хийсэн худалдан авалт болгоны 10 хувь нь НӨАТ болж төсөвт төлөгддөг. Энэ 10 хувийн 20 хувь буюу хоёр функтыг буцааж олгоно. Ингэж олгохдоо жилд нэг удаа олгохоор хийж байгаа.

Сар болгоны худалдан авалт, ямар бараа бүтээгдэхүүн худалдаж авсан, нийт хэдэн төгрөг зарцуулсан, түүнээсээ хэдийг нь татварт төлсөн, хэдэн төгрөг буцааж авах эрхтэй гэдгээ иргэн бүр онлайнаар харах боломжийг бүрдүүлж байна. Ингэснээр татварын буцаан авалтаас гадна тухайн гэр бүл хэрэглээгээ хянах боломжтой болно.

-Яагаад жилдээ нэг удаа гэж?

-Яагаад жилдээ нэг удаа олгож байна вэ гэхээр бага мөнгийг буцаан олговол тухайн үедээ мөнгө биш байдаг, хэрэггүй зүйлд зарцуулагддаг. Тэгэхээр хоёулаа ажил хийдэг гэр бүл байлаа гэхэд жилдээ ойролцоогоор 500 мянган төгрөгийн татварын буцаан олголт авна гэж тооцоолъё.

Энэ хуримтлагдсан мөнгөө хэрэггүй зүйлд биш хүүхдүүдийнхээ соёл боловсролд хөрөнгө оруулах, гэр орондоо хэрэгтэй бараа бүтээгдэхүүн худалдаж авах гэх мэт ухаалаг хэрэглээг дэмжсэн сонголт хийлгэх үүднээс бид хуримтлалыг эцсийн хэрэглэгчид санал болгож байгаа юм.

Түүнээс гадна бид урамшууллын хоёр дахь хэлбэр болох сугалаа хийхээр зорьж байна. Иргэд талоноо цуглуулж, худалдан авалтаа тодорхой картанд бүртгүүлж татвар болон Сангийн яаманд мэдэгдсэнээрээ зөвхөн татварын буцаан авалт аваад зогсохгүй гүйлгээнийхээ баримтыг цуглуулж тодорхой хугацаанд нэг удаа сугалаанд оролцож, өндөр хонжвор хожих боломжтой болно.

-Технологийн ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-НӨАТ-ын хууль шинэчлэн найруулагдсантай холбоотой технологийн ажлыг бид ТЕГ дээр хийх боломж бүрдсэн. Бид 2016 оны нэгдүгээр сараас өмнө тооцоо судалгаа болон бусад бүх ажлуудыг хийнэ. Зөвхөн тооцоо судалгаа ч биш иргэдэд энэ шинэ хуулийг хэрэгжүүлэх боломж, техник технологи, мэдлэг мэдээлэл, сургалтаар тодорхой түвшинд хангаж өгөх юм.

Та бүхэн мэдэж байгаа. НӨАТ бол хяналтын системийг гүйцэтгэдэг. НӨАТ-ын падааныг бид цахимжуулна, бүртгэлжүүлнэ. Монгол Улсын хэмжээнд хуурамч НӨАТ-ын падаан байх боломж эрс буюу 99 орчим хувь багасна. Бизнесээс бизнест хийж буй гүйлгээнээс гадна бизнесээс хэрэглэгчид хийж буй гүйлгээ гэж байдаг.

Монгол Улсын хэмжээнд хуурамч НӨАТ-ын падаан байх боломж эрс буюу 99 орчим хувь багасна

 

Жишээ нь шатахууны компани ААА томоохон уул уурхайн ЭТТ компанид бензин нийлүүлж, үлдсэн хэсгийг нь Улаанбаатарт байгаа шатахуун түгээх станцаараа дамжуулж хувь хүнд нийлүүлдэг гэж бодъё. ЭТТ-той харьцаж байгаа бизнесийн гүйлгээ нь НӨАТ-ын падаанаараа бүртгэлд ордог. Гэтэл иргэнтэй харьцаж байгаа гүйлгээнд НӨАТ-ын падаан байдаггүй учраас ордоггүй. Тэгэхээр энэ хяналтын сул талыг татвар төлөгчид өмнө нь ашиглаж байсныг бид хэрэглэгчийнхээ тусламжтайгаар зуун хувь хянах боломжтой болно.

Ингэснээр хэрэглэгчдийн үнэнч шударгаар төлсөн татварыг хэн нэгэн дундаас нь завших биш зуун хувь улсын төсөвт орох боломж бүрдэнэ.

Хууль маань 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Буцаан олголт 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-н хүртэл хийгдэнэ. Тэгэхээр 2016 оны худалдан авалтын буцаан олголт 2017 хийгдэх юм.

-Картаар болон талоноор буцаан олголт хийгдэнэ гэлээ. Процесс нь нарийн тодорхой болсон уу. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Монгол Улс өргөн уудам нутагтай. Батлагдсан энэхүү хуулийг зөвхөн Улаанбаатарт хэрэгжүүлэхгүй. Тийм учраас бид технологийн хувьд хамгийн боломжтой цэгээс авхуулаад технологийн хувьд хамгийн боломжгүй цэг хүртэл ашиглаж болохуйцаар хуулийн төслөө тооцоолсон. Үүнтэй холбоотой ТЕГ дээр ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа.

Технологийн хувьд судлаад энэ асуудлыг бүрэн боломжтой гэсэн. Мэдээж хэрэг шинэ технологи, програм хангамжийн асуудлууд яригдана. Бид хэрэглэгчид аль болох бага зардалтай байхаар зохион байгуулж байгаа. Хамгийн бага зардалтай, жижиг ААН, болон алслагдсан газрууд кассын машиныг орлохуйц гар талон ашиглах боломжийг бүрдүүлж өгч байна.

-Хууль хэрэгжсэнээр төсвийн орлого тодорхой хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоо бий юу?

-Олон газрууд судалгаа хийсэн байдаг. Монгол Улсад далд эдийн засаг 35 орчим хувьтай байна гэж. Бусад улсуудын туршлагыг бид харсан. Үүнтэй ижил төстэй систем хийсэн Солонгос, Тайвань, Вьетнам гэх мэт улсууд байна. Энэ системийг оруулснаар тухайн улсын татварын орлого 75 хүртэл хувиар өсч байсан тохиолдол бий. Жил бүр дараалж өссөн байх нь ч бий.

Тэгэхээр бид бэлтгэл ажлаа хэр сайн хийж чадах вэ, аль болох хуулийг олон хүнд хамруулж, улсын хэмжээнд зохион байгуулахаас вэ зэргээс татварын орлогын хувь хэмжээ хамаарна. Бид өөдрөг хүлээлттэй байгаа. Бусад улсуудын хамгийн дээд түвшнийг давж гарахгүй юм аа гэхэд тодорхой түвшинд орлогын өсөлт гарна гэж нааштайгаар харж байна.

Эх сурвалж: ikon.mn